Гүйдэг менежерүүд суудаг болов
Дижитал маркетинг гэж юу вэ?
Дижитал маркетинг гэдэг бол интернет сүлжээг ашиглан компьютер, ухаалаг гар утас, таблет, тоглоом, апп гэх мэт электрон төхөөрөмжүүдийг ашиглан сурталчилгаа явуулах маркетинг юм. Өөрөөр хэлбэл маркетинг хийхдээ интернет ашиглаж л байвал Дижитал маркетинг гэж ойлгож болно.
Арав гаруй жилийн өмнө аливаа компанийн маркетингийн менежерүүд гэдэг хамгийн их гүйдэг хүмүүс байлаа. Хөлөө эцтэл явж, олон байгууллагыг хаалга онголзуулан байж өөрийн компанийг сурталчилж, бараа, бүтээгдэхүүнээ борлуулна. Реклам сурталчилгаагаа арилжааны телевизүүд болон өдөр тутмын сонинуудад гаргахаас эхлээд менежерүүдийн ажил их байв. Харин одоо гүйдэг менежерүүд суудаг хүмүүс болж хувирчээ. Дэлхий даяар түгсэн дижитал маркетинг тэднийг ийнхүү өөрчилж орхисон байна. Дижитал маркетинг зөвхөн менежер, маркетеруудыг ч биш уншигч, үзэгчид болон хэрэглэгчдийг ч өөрчилсөн юм. Тэгвэл энэхүү дижитал маркетинг гэж юу вэ. Хариулт нь товчхон бөгөөд энгийн. Дижитал маркетинг гэдэг бол компьютер, ухаалаг гар утас, энгийн гар утас, таблет, телевиз, тоглоомны удирдлага гэх мэт электрон төхөөрөмжүүдийг ашиглан сурталчилгаа явуулах маркетинг юм. Дижитал маркетинг нь дээр дурдсан төхөөрөмжүүдээс гадна вэб сайт, и-мэйл, уламжлалт болон мобайл аппликэйшн, олон нийтийн сүлжээний вэб сайтууд зэрэг технологи, платформуудыг ашигладаг. Энэ маркетинг нь интернэтэд холбогдоогүй сувгууд болон телевиз, радио, мессэж зэргийг ч бас өргөн ашигладаг. Өөрөөр хэлбэл дижитал маркетинг бол тун өргөн цар хүрээтэй. 2000 оноос хойш маш олон бизнесийн байгууллага, компани уламжлалт маркетингийг дижитал маркетингийн сувгуудтай хослуулан ашиглах болжээ. Харин сүүлийн үед маркетерууд дижитал маркетингийг түлхүү ашиглах болсон байна. Учир нь дижитал маркетингийн тусламжтайгаар зорилтот хэрэглэгчид рүү чиглүүлсэн сурталчилгаа явуулах, хөрөнгө оруулалтын үр өгөөж буюу үр дүнг илүү нарийн хэмжих боломжтойгоороо давуу талтай. Дижитал маркетинг гэдэг нэршил 1990 оны үед анх ашиглагдаж эхэлсэн түүхтэй.
Улмаар 2000-2010 онд дижитал маркетинг нь хэрэглэгчидтэй гүн гүнзгий, ач холбогдол бүхий харилцаа холбоо үүсгэх үр дүнтэй, нарийн хөгжсөн арга барил болж хувирсан байна. Дижитал маркетингийг онлайн маркетинг, интернэт маркетинг, вэб маркетинг гэж нэрлэх нь түгээмэл. Гэсэн хэдий ч дижитал маркетинг гэдэг нэршлийг сүүлийн жилүүдэд өргөнөөр ашиглах болсон байна. АНУ-д онлайн маркетинг гэдэг нэршлийг түлхүү ашиглаж байхад Италид вэб маркетинг, Их Британи болон дэлхийн бусад оронд дижитал маркетинг гэдэг нэршлийг ашиглаж байна. Энэ нь 2013 оноос хойш илүү түгээмэл болсон ажээ. Энэ нэршлийг 1990 он хүртэл бараг ашигладаггүй байсан ч дижитал маркетингийн үндэс суурь 1980-аад оны дундуур тавигдсан гэж үздэг. Тухайн үед “SoftAd Group” нэртэй байсан эдүгээ “ChannelNet” гэж нэрээ өөрчилсөн компани хэд хэдэн томоохон машины компаниудад зориулсан сурталчилгааны кампанит ажил боловсруулсан байна. Уг сурталчилгааны хүрээнд хүмүүс сэтгүүл дагалдаж ирдэг санал хүсэлтийн хуудсанд хүсэлт бичин илгээж, хариуд нь төрөл бүрийн машинуудын сурталчилгаа бүхий мультмедиа агуулгатай уян диск болон үнэгүй жолоодох санал зэргийг хүлээн авч байжээ. Энэ нь тухайн үедээ хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татсан шинэлэг маркетинг болсон гэдэг.
Орон зай, цаг хугацаанд захирагддагүй онлайн сурталчилгаа
Дижитал сувгууд хурдацтай хөгжих болсноор маркетинг, сурталчилгааны шинэ боломж, арга хэрэгслүүд гарч ирсээр байгаа. Дижитал сувгуудыг хүлээн авч дамжуулах төхөөрөмж, хэрэгслүүд хурдацтай тархсанаар дижитал сурталчилгаа асар хүчтэй хөгжих боломж ч бүрдсэн. 2012, 2013 оны статистикаас харахад л дижитал маркетинг дэлхий нийтэд маш өсөлттэй талбар болоод байгаа нь харагдана. 2015 онд дижитал сувгуудад зарцуулсан сурталчилгааны зардал 48 хувиар өссөнөөр 4.5 триллион онлайн сурталчилгаа явагджээ. Интернэт хэрэглэгчдэд нийцсэн сурталчилгаа явуулахын тулд онлайн зан төлөвт суурилсан сурталчилгаа ч хурдацтай хөгжиж байна. Дижитал маркетингийн онцлог нь технологиос шууд хамааралтай. Тиймээс технологи тасралтгүй хөгжихийн хэрээр дижитал маркетингийн дэвшил, стратеги нь байнга өөрчлөгдөн, шинэчлэгдсээр байдаг. Мөн энэхүү маркетинг нь өөрийн гэсэн хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, сегментчлэл. Энэ нь зорилтот хэрэглэгчид рүү чиглэсэн сурталчилгаа явуулах боломж илүү өргөн байдаггэсэн үг. Мөн нөлөөллийн маркетинг хийх боломжтой. Нөлөөлөгчид хэмээх хүмүүс нь дижитал орчинд зорилтот хэрэглэгчдэд чиглүүлсэн сурталчилгаа явуулахад чухал хэсэг болдог байна. Нөлөөлөгчдөд фэйсбүүк сурталчилгаа, гүүглийн АдВордсоор дамжуулан хүрэх боломжтой. Мөн сошиал орчинд хэрэглэгчидтэй харилцах дэвшилтэт програмууд болох SAP C4C, Microsoft Dynamics, Sage CRM, Salesforce CRM зэргийг ашигладаг. Push&Pull гэсэн дижитал маркетингийн ойлголт байдаг. Pull стратегийн хүрээнд маркетингийн контентуудыг идэвхтэй эрж, хайж байгаа хэрэглэгчдэд чиглэсэн байдаг бол Push дижитал маркетингийн хүрээнд маркетерууд хүмүүсийн эрж, хайгаагүй контентуудыг хүргэж байдаг ажээ. Дижитал маркетингийн өөр нэг онцлог бол онлайн зан төлөвийн сурталчилгаа юм.
Энэ нь хэрэглэгчийн интернэт орчинд буюу тодорхой төхөөрөмж, вэб сайтууд дээр үйлдсэн үйлдлүүдийг тодорхой хугацааны туршид цуглуулан тухайн хэрэглэгчдийн дур сонирхолд нийцсан сурталчилгаа явуулах явдал юм. Сүүлийн үед ийм сурталчилгааг бизнесийн байгууллагууд тун идэвхтэй явуулах болжээ. Жишээ нь, бүсгүйчүүд гол төлөв гоо сайхны бараа бүтээгдэхүүн, эрүүл хооллолт, зөв амьдралын дэглэмийн талаархи мэдээ мэдээллийг өөрийн фэйсбүүк, твиттер хуудас зэрэгтээ нийтэлж, хуваалцдаг. Тийм бүсгүйчүүдэд гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сурталчилгаагаа хүргэх нь үр дүнтэй. Дэлхий нийтэд дэлгэрсэн энэхүү дижитал маркетинг манай улсад дөнгөж “хөлд орж” байгаа. Монголын ихэнх компаниуд 2014 оноос хойш сошиал медиа маркетингт нэлээд идэвхтэй суралцаж эхэлжээ. Тэд өөрсдийн сошиал фэнүүд, дагагчид болон лайкаа өсгөхөд анхаарч байсан бол энэ оноос контент маркетинг нь нэлээд туршлагатай, чиглэсэн зорилготой болж ирсэн байна.
Инстаграм ба твиттерийн зар сурталчилгаа
Дэлхий даяар 400 сая шахам идэвхтэй хэрэглэгч бүхий инстаграмыг монголчууд өдөр бүр хэрэглэх сошиал медиа болгожээ. Мянга бичсэнээс нэг удаа инстаграмд гэдэг үг ч гарчээ. Тун саяхнаас инстаграм дээр зар сурталчилгаа хийх боломж нээгдсэн. Инстаграмыг фэйсбүүк компани эзэмшдэг тул зорилтот хэрэглэгчээ олж чиглэхэд фэйсбүүкийн өгөгдлийг төдийгүй зар сурталчилгааны хэрэгслүүдийг нь ч ашиглах боломжтой.
Монгол Улсад ганцхан “Callpro” компани твиттер дээр албан ёсоор зар сурталчилгаа хийх эрхтэй байсан. Тус компанийн сурталчилгааны төлбөр нь фэйсбүүктэй харьцуулахад илүү өндөр. Харин тун саяхнаас нийтэд нээлттэй болсон нь сайн мэдээ байлаа. Гэхдээ монгол хэлийг дэмжихгүй байх зэрэг зарим нэг хязгаарлалт бий. 2014 оноос хойш фэйсбүүкийн зар сурталчилгаа эрч хүчээ авсан бол 2016 онд инстаграм, твиттерт энэ процесс явагдаж байна. Хамгийн гол нь инстаграмчид тун бүтээлч хүмүүс тул тэнд хийж буй төлбөртэй постууд нь бүтээлч байж л хүмүүсийн сэтгэлд хүрнэ. Харин “твиттерт тэнэг хүн байдаггүй” тул төлбөртэй жиргээнүүдийн хувьд бүтээлч төдийгүй “ухаалаг” байх хэрэгтэй.
Мобайл мобайл бас дахин мобайл
Google-ээс мэдэгдсэнээр дэлхий даяар нийт хийгдэж буй хайлтуудын дийлэнх нь гар утас, таблетнаас хийгддэг болжээ. Танай компанийн вэб хуудас mobile-friendly буюу “мобайлд нөхөрсөг” биш бол гар утаснаас хандахад зураг, текстүүд нь хэт жижигхэн харагдах тул хэрэглэгч хэрэгтэй мэдээллээ авахад хэцүү гэсэн үг. Мөн мобайл хувилбаргүй, responsive буюу дэлгэцний хэмжээнээс хамааран өөрчлөгдөх боломжгүй хуудсууд гар утсан дээр хийгдсэн хайлтаар илрэхээргүй болж Google хайлтын алгоритм шинэчлэгдэж байна. Монголд томоохон компаниудын олонхи нь “мобайлд нөхөрсөг” болгон хуудсуудаа шинэчилсэн байгаа хэдий ч нийт компаниудын хувьд энэ үзүүлэлт тун тааруухан байгаа. Тиймээс ойрын жилүүдэд хуучирсан хуудсуудаа шинэчлэнгээ “мобайлд нөхөрсөг” болгох ажил ид өрнөх магадлалтай. Монголын ухаалаг утас бүхий хэрэглэгчийн тоо даруй хоёр сая дөхөж буй тул өөр сонголтгүй гэсэн үг.
Контент хаан, контекст хатан
Хэрэв дижитал маркетингт ялангуяа сошиал медиад амжилт олъё гэвэл контент маркетинг хийх хэрэгтэй. Фэйсбүүк рүү ороод харах юм бол төрөл бүрийн контентууд дүүрэн байдаг. Тэдгээрээс хэрэглэгч харин алийг нь сонгож үзэх вэ гэдэг нь л гол асуудал. Контент хаан гэж ярьдаг харин өнөөдөр контекст хатан гэж ярих болжээ. Контекст гэдэг нь тухайн контентыг худалдан авалтынхаа аль шатанд яваа ямар зан төлөвтэй хэрэглэгчдэд, хэзээ аль маркетингийнхаа сувгаар ямар хэлбэрээр хүргэхээ мэдэх тухай юм.