Гарааны бизнес анхлан эрхлэгчдэд зориулсан зөвлөгөө

Э.Амар

Энтрепренер, Грийн софт компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
2017-05-06 / Зөвлөгөө нийтлэл,

Ганцхан хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд л өөрийн гэсэн бизнестэй болчихдог юм бишээ. Тодорхой “тоглоомын дүрэм” яалт ч үгүй хэрэгтэй болно. Гарааны бизнес эхлэх сонирхолтой хүмүүсийн нилээдгүй хувь нь өөрийн санааг ажил хэрэг болгож чадалгүй орхидог аж. Иймээс бид доорх зөвлөгөөг толилуулж байна. Бүгд биш гэхэд аль нэг нь танд хэрэгтэй “зэвсэг” болж чадах байх.

 

1. Өөрийн санааг бусадтай хуваалцахаас бүү ай!

Бизнес эрхлэгчид бараг бүгдээрээ ихээхэн хашир хүмүүс байдаг нь мэдээж. Та бизнесийн санаагаа бусдад алдахаас айж хэн нэгэнтэй үзэл бодлоо хуваалцахаас татгалздаг уу? Тэгвэл “хулгайлах” боломжгүй байдлаар санал солилцон, авхаалжтай хүмүүсийн үзэл бодлыг сонсож, тэндээс дүгнэлт хийж сурах хэрэгтэй дээ. Үнэндээ бол бизнесийн санаа нь гол зүйл биш, харин түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа чинь л чухал зүйл юм шүү.

2. Хэрэггүй зөвлөгөөг бүү хайхар!

Гарааны бизнесээ эхлүүлж чадсан хүмүүсийн тоо ”зүгээр л ярихаас цааш гараагүй” хүмүүсийнхээс хавьгүй цөөн. Учир нь ах дүү, төрөл садан, найз нөхдийн дотроос ч гэсэн “Чи чадах болов уу даа”, “Хэцүү дээ, хэцүү”, “Хаанаас мөнгө олох юм бэ” гэх мэт “гал дээр ус хийдэг” хүмүүс зайлшгүй гарч ирнэ. Яг үнэндээ тэд нөхцөл байдлыг танаас илүү сайн ойлгож мэдэж байгаа нь юу л бол. Энэ үед та өөртөө итгэлтэй байж, зүрх сэтгэлээ дагаарай. Үзээд алд! Ингэснээр та “Худгийн мэлхий далайн ихийг мэдэхгүй, далайн мэлхий худгийн багыг мэдэхгүй” гэдэг үгний учрыг тайлах болно.

3. Яг товлосон өдрөө үйл ажиллагаагаа эхлээрэй!

Аливаа төсөлд хугацаа шиг чухал юм үгүй. Түүнчлэн аливаа ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж чадвал хүн асар ихээр урам зориг ордог байна. Та нэг өдрөөр ч гэсэн хойш тавибал маргааш нь дахиад л шалтаг олдоно. Эхлээд л шууд төгс төгөлдөр болдог юм гэж хаана ч үгүй гэдгийг санаж яв. Таны санаа бага багаар, аажим аажмаар биелэлээ олох болно.

4. Бизнесийн түншүүдээ хариуцлагатай сонго!

Яг л амьдралынхаа ханийг сонгох гэж байгаа юм шиг хандаарай. Учир нь та нэг хэсэгтээ л бараг гэр бүлээсээ ч илүү цагийг эдгээр хүмүүстэй хамт өнгөрөөх болно. Олон залуус өөр хоорондоо таарахгүй гэсэн шалтгаанаар бизнесээ нурааж байсан юм шүү. Таны хамтрагчид мэргэжилдээ сайн, таны санааг сайн ойлгож дэмждэг байхаас гадна сэтгэл зүйн хувьд тантай бүрэн зохицно гэдэгт  бүр ажлаа эхлэхээс өмнө 100% итгэлтэй байх хэрэгтэй. Ажлын амжилт багийн гишүүдээс шууд шалтгаалах нь мэдээж.

5. Ажилдаа үнэн голоосоо дуртай байх!

Хэрвээ хүн бизнестээ сэтгэл зүрхээ бүрэн зориулж чадвал амжилтанд хүрэх магадлал маш өндөр. Бүр улайран дурлаж, өөр юуг ч үл хайхран өдөр шөнөгүй ажиллаваас ямар ч саад бэрхшээлийг даван гардгийг бид олон жишээгээр мэднэ. “Гүргэр зан” бол бизнес амжилттай болохын гол түлхүүр. Та боломжгүй зүйлийг ч бүтээхэд бэлэн байгаа бол бизнес тань амжилттай болохын дохио.

6. Мөнгөний хойноос бүү хөөцөлд!

Та эхлээд л ашиг бодоод, мөнгөний араас үхэн хатан зүтгэвэл бүх юм баларна шүү. Гол нь компаниа  удаан хугацаагаар ажиллуулж, үүнээсээ аз жаргалыг мэдэрч байхад л анхаарлаа хандуул. Ингэсэн цагт аажмаар хамтрагчид болон худалдан авагчид, үйлчлүүлэгчид чинь таныг тойрон хүрээлж эхэлнэ. Ийм компани заавал амжилтанд хүрдэг жамтай.

7. Ажилтнуудаа “ухаанаар нь” сорьж ажилд авах шаардлагагүй!

Ялангуяа гарааны бизнес эхэлж буй хүмүүсийн хувьд хамтрагчдаа сонгох нь нэн чухал, бас хариуцлагатай ажил байдаг. Үзэл бодол нэгтэй, хүссэндээ хүрэхийн тулд заримдаа илүү цагаар ажиллахаас ч буцдаггүй үнэнч хамтрагчид гарцаагүй хэрэгтэй. Улаан диплом тэр бүр амжилтын түлхүүр байж чаддаггүй гэдгийг санаж яв. Дайчин, зоригтой, шинийг эрэлхийлэгч  хүмүүс танд хэрэгтэй. Яваандаа та тэднийг сайн урамшуулах боломжтой болно.

8. Алдаа гаргахаас бүү ай!

Хэн ч алдаа гаргаж болно. Алдаа бол амжилттай яваа хүнд тулгарах ёстой л зүйлсийн нэг. Төгс юм гэж хаана ч байхгүй. Эр хүн зоригтой бол чоно яана гэдэг билээ? Таны айгаад барьж аваагүй санааг өөр нэгэн амжилттай хэрэгжүүлчихсэн байна гээд бодоод үз дээ. Ажил хэрэгч хүмүүст алдахаас айх шиг хөнөөлтэй зүйл үгүй гэнэ.