Вэб сайт амжилтгүй болох 5 шалтгаан

2017-07-06

Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид дунд өөрийн вэб сайтаа бизнестээ ашигтайгаар ажиллуулж чадаж байгаа нь тун ховор харагддаг.

Бид өөрсдийн туршлага дээрээ үндэслэн вэб сайт амжилтгүй болдог хэд хэдэн шалтгааны талаар бичихээр шийдлээ. Шинээр вэб сайт нээх гэж байгаа болон яг одоо байгаа вэб сайтаа хаях гэхээр хаяж чадахгүй, ажиллуулах гэхээр юу хийхээ мэдэхгүй байгаа хүмүүст хэрэг болно гэж найдаж байна :)

Энэхүү зөвлөгөө нь зөвхөн жижиг дунд бизнест зориулсан гэдгийг сануулъя.

1. Завгүй хүмүүс болон яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй вэб сайт

Монголын ихэнх компаниуд вэб сайтаа маш нүсэр олон цэстэй байхаар зохион байгуулсан байдаг. Орчин үеийн завгүй хүмүүст вэб сайт чинь бэлэн үү, үзэхийг хүссэн зүйлс нь ойлгомжтой олдож байна уу гэдгийг анхаараарай. Энгийнээр бол вэбсайт дээр орох мэдээлэл "Ямар үйлчилгээ вэ? Надад ямар хэрэгтэй вэ? Хэдэн төгрөг вэ? Хаанаас яаж холбогдож авах юм бол?" гэсэн асуултанд хариулдаг байх хэрэгтэй. Ердөө л энэ.

Бидний тухай 

  • Түүхэн замнал
  • Захирлын мэндчилгээ /'би, би' гэсэн үзэл, яах вэ топ 150 ААН болчихвол мэндчилгээ бэлдэж болох л юм/
  • Алсын хараа /Танай хөрөнгө оруулагчдад л хэрэгтэй/
  • Шагнал урамшуулал  /Танайх ямар шагнал авч байсан нь хэрэглэгчдэд төдийлөн сонин биш/
  • Бла бла гэх мэт хэн ч, хэзээ ч орж уншихгүй тийм олон салбар цэс үүсгэж зочдоо шийтгэдэг.

Шинээр вэб сайт хийлгэж эхлэх гэж байгаа хүмүүс дээр ч энэ асуудал маш ихээр гардаг. Өөрөөр хэлбэл, өөртөө маш том дарамт болох олон задаргаатай сайтын бүтэц үүсгэж тэр дагуу материалаа бэлдэх гэсээр 1 сар ,2 сар, 3 сар ...  6 сарын дараа бэлдэж дуусаагүй л байдаг. Бизнесээ хийхийн оронд вэб сайттай зууралдсаар байгаад хамаг цагаа үрэх нь хайран биш гэж үү?

"Эхэлнэ гэдэг нь төгс байхаас хамаагүй дээр" гэдэг үгийг санаарай.

Та бидний хэрэглэдэг facebook-ийн бизнес хуудсыг бодоод үзээрэй, тэнд хэдхэн цэс л байдаг шүү дээ! Та жишээ болгоод Apple, Microsoft компанийн сайтууд руу ороод үзвэл шууд л бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож, цэс нь энэ талруу түлхүү зориулагдсан байгаа. Бидний тухай гэдэг цэсийг та нилээн хайж байж л олох болно.

Ялангуяа, жижиг гарааны бизнесийн байгууллагууд дээр дурьдсан асуултанд хариу болж байхаар агуулгаа бэлдээд, сайтаа газар дээр нь ажиллуулж эхлэх хэрэгтэй. Энэ бүгд ердөө 1 цагийн дотор л хийгдэх боломжтой. 

2. Дэмий зүйлд хэтэрхий их санаа зовох

  • Манай вэб сайт хакердуулах болов уу?
  • Манай вэб сайт мобайл дээр ажиллах болов уу?
  • Ямар програмчлалын хэл дээр хийх вэ? PHP муу гэж дуулсан, JAVA (java гэдгээ гол нь мэдэхгүй байж) нь дээр биш үү?
  • Ямар өнгө төрхтэй байх бол?
  • Улаан өнгө нь гоё байх болов уу, шар өнгө нь гоё байх болов уу?
  • Сервер нь хаана байрлаж байгаа бол, Монголд л байвал сайн гэж дуулсан

гэх мэт техник талын асуудалд дэндүү их санаа тавих хэрэггүй. Учир нь, дээрх шаардлагыг Монголын вэб хийдэг мэргэжлийн компаниуд, програмистууд бүгд л асуудалгүй хийнэ. Тэд сайн болсон гэхээсээ илүү вэб сайт хийдэг технологи нь сайжраад энэ бүгдийг бараг л автоматаар хийдэг болсон гэх үү дээ. Гэхдээ та '100 айл'-д байдаг "би чадна" маркын хүмүүсээр хийлгэсэн бол дээрхээс шал өөр нөхцөл байдал үүсэх боломжтой гэдгийг санаарай. Вэб сайтын дизайныг муухай болгодог гол хүчин зүйлс нь захиалагч талын хувийн үзэл бодлоос үүдэлтэй стандарт бус хүсэлт байдаг гэдгийг анхаараарай.

Энэ зургаас, мэргэжлийн хүнээр өөрөөр нь хийлгэх хэрэгтэй гэсэн санааг харж болно. Монголчилж хэлбэл, МЭРГЭЖЛИЙН ХҮНД НЬ МЭДДЭГ АЖЛЫГ НЬ ДААТГА! (гэхдээ мэргэжлийн хүнээ зөв олсон тохиолдолд шүү дээ)

3. Зорилго тодорхой бус, төлөвлөгөө байхгүй

Танай бизнест вэбсайт үнэхээр хэрэгтэй юу? нийтлэлийг уншаарай.

За, яг үүн шиг сайттай болно оо гэж бодож байтал тэр ч сайт гоё харагдаад, энэ ч сайт гоё харагдаад яадаг юм билээ...

facebook шиг мөртлөө twitter шиг follow хийдэг яг gogо.mn шиг дизайнтай мөртлөө үнэгүй шиг сайт хийлгэе гэж захиалга өгдөг хүмүүс байдаг. Тэгээд хийгээд дууслаа гэж бодоход заза ер нь alibaba шиг болгоё :)

Тэгэхээр, таны вэб сайтын үндсэн зорилго юу вэ? Хэнд зориулж, юуг хийж чаддаг байх ёстой вэ? Ер нь яах гэж вэб сайттай болдог вэ?

"Өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ онлайнаар хүмүүст харуулмаар байна" гэсэн хариултыг хүн бүр хэлдэг, уучлаарай, та тэгж бодож байвал танд facebook page байхад л хангалттай. Орчин үеийн вэбсайтууд  таны бодож буйгаас хавь илүү зүйлийг хийж чадахаар болсон бөгөөд  бэлгэдэл төдий биш маркетинг, борлуулалтын хамгийн чухал суваг юм. Тэгэхээр вэб сайт хийхээс өмнө и-мэйл маркетинг, вэб маркетинг /газардах хуудас/ CTA, хайлтын системийн оновчлол, бизнесийн автоматжуулалт, маркетингийн аналитик, сошиал медиа гэх мэт дижитал маркетингийн арга хэрэгслүүдийн талаар тодорхой хэмжээнд судалж мэдсэн нь дээр гэж зөвлөе. 

"Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй гагцхүү хулгана л барьдаг байх ёстой."

Бид аливаа ажлын сайн муу болсон эсэхийг үндсэн зорилгоо биелүүлж чадсан уу үгүй юу гэдгээр л хэмждэг. 

4. Зөвхөн өөртөө таалагдсан вэб сайт хүсдэг

Захиалагч хаан, мөнгө төлж байгаа нь дуртай хөгжмөө захиалдаг гэх маягаар вэб сайт хийлгэдэг хүмүүс цөөнгүй байдаг. Яах вэ, захиалагчийн хэлснээр хийгээд тэндээс салах нь бидэнд маш амархан, гэхдээ харамсалтай нь хэсэг хугацааны дараа манай вэб сайт шиг муу ашиггүй юм алга гэж буцаж ирэх нь байдаг. Иймд та мэргэжлийн хүний зөвлөгөө, дэлхий нийтийн чиг хандлага, хэрэглэгчийн зан төлөв гэх мэт олон хүчин зүйлсийг бодож вэб сайтаа бүтээгээрэй.

5. No Call to action -  Ямар үйлдэл хийх нь тодорхойгүй байдал

Нэгж вэб хуудасны гол зорилго бол маш энгийн. Орж ирсэн хүмүүсийн хийх дараагийн алхам маш тодорхой байх ёстой. Хэрвээ ямар нэгэн үйлдэлд дуудах функц байхгүй эсвэл маш олон сонголт байвал хэрэглэгч X(хаах) эсвэл back товчлуурыг эргэлзэлгүй дардаг. Өөрөөр хэлбэл, сургалтын зар байлаа гэж бодоход яг одоо бүртгүүлэх, яг одоо лавлаж асууна уу гэсэн товчлуур хамгийн доор нь байх ёстой гэсэн санаа. Youtube.com хуудсыг жишээ авч үзэхэд нэг видео үзэж байхад дараа нь үзэх видео хажуу талд нь гарч ирдэг дээ. Өөрөөр хэлбэл, нэг орсон хүнээ өөрийнхөө сайтад маш удаан уяж чаддаг гэсэн үг. Уг нь ганц дуу сонсох гэж орсон боловч 2-3 цаг youtube-ээр дэмий тэнэх тохиолдол байдаг. Бизнесийн сайтууд ч мөн ялгаагүй нэгж хуудсаас дараагийн хуудас, дараагийн нийтлэл гэх мэт холбоосууд болон үйлдэлд дуудах товчлуурыг (бүртгүүлэх форм, залгах товчлуур, холбоо барих мэдээлэл гм) маш сайн байршуулж өгөх хэрэгтэй. Хуудас бүр тань танай бизнест шинэ хэрэглэгч олж өгөх, борлуулалт үүсгэх зорилготой байхаар бодож төлөвлөж хийх хэрэгтэй гэсэн санаа.

Сайн вэб сайтын агуулга хүн шиг л ярьдаг. Элдэв мундаг албан үг хэллэг байх хэрэггүй. Та өөрийн оффист ирсэн хэрэглэгчтэйгээ ярилцахдаа Та дээшээ морил, манай энэ систем нь 20,000 хувьсагчтай гэж харьцдаггүй биз дээ? :)

Сайн вэб сайт бол "Надад ямар үнэ цэнэ өгч, миний ямар асуудлыг шийдвэрлэж чадах вэ?" гэсэн асуултанд товч бөгөөд тодорхой хариулдаг байх хэрэгтэй. 

Эцэст нь вэб сайт хийх нь асуудал биш, яаж зөв ажиллуулах нь л асуудал байдаг юм шүү.

Таны бизнест амжилт хүсье!

 

Уулзалт товлож дэлгэрэнгүй зөвлөгөө авах

 

 

 

Вэб сайт хийдэг компани

Шууд залгах
Вэб сайт хийх үйлчилгээ