Ирэх 5 жилд Азийн 10 улсыг Монголчуудын оюуны экспорт болсон үндэсний брэндээр тамгална!

2017-09-04

“Анд Глобал” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайхантай тун сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Цахиурын хөндийд орших дэлхийн алдартай компанийн зөөлөн суудлаас “зугтан” эх орондоо ирж, технологийн инновациар дамжуулан Монголын санхүүгийн системд бүтээлч устгал хийх замаар ядууралтай тэмцэж, банкны үйлчилгээг хүртэж чаддаггүй нийгмийн бүлгийн хувь заяаг эргүүлж буй сошиал энтрепренер түүний амбицтай танилцана уу!

В.Ганзориг: Монголын Linkedin-г хийнэ гээд олон жилийн өмнө Biznetwork-г үүсгэн байгуулж байхаас чинь эчнээ мэднэ. Энэ төсөл тань амжилттай болсон уу?

В.Баярсайхан: Яг үнэндээ энэ төслийг эхлэхдээ Linkedin болгоно гэсэн төлөвлөгөө байгаагүй. Тэр үед Hi5 ид байсан. Монголчууд сошиал сайт ашиглах гэхээр англи хэлний бэрхшээлтэй байсан үе. Тэр үед би Туркт сургуулиа төгсөөд дөнгөж Монголдоо ирж таарсан. Хоббидоо хөтлөгдөөд нэг сайхан сошиал сайт хийе гээд л эхэлсэн. Үүнээс өмнө би AdNetwork, BizMarket гээд хоёр төсөл эхлүүлсэн ч бизнесийн тооцоо дутуугаас бүтэлгүйтсэн.

Үүний дараа л яаж мөнгө хийх вэ гэж бодож эхэлсэн дээ. Тэрнээс биш энэ төслийг эхлүүлэхдээ анхнаасаа нэг их айхтар алсын хараа, ашиг орлого олно гэж огт бодоогүй. Гоё юм хийе гэсэн хүсэл минь л энэ төсөл рүү хөтөлсөн.

В.Г: Энэ төслүүдээ ямар нэг хөрөнгө оруулагчгүй, зээлгүй эхэлсэн юм уу?

В.Б: Найзуудаасаа таван сая төгрөг зээлсэн. Тэд миний юу хийх гэж байгааг асуулгүй надад итгээд л мөнгө өгсөн. Энэ мөнгөөр би дээр дурдсан AdNetwork, BizMarket гэсэн хоёр төслөө эхлүүлсэн ч бүтэлгүйтээд мөнгийг нь буцааж өгсөн. Тухайн үед аутсорсингоор бусдад үйлчилгээ үзүүлж болдог юм байна гэж интернэт ухаж яваад мэдсэн. Синглтон компанийнхаа мэдээллийг интернэтэд тавиад хоёр жилийн дотор бараг 100,000 гаруй ам.долларын ажлыг Америк, Канад зэрэг барууны орноос буюу дан хилийн чанадаас хүлээн авч гүйцэтгэсэн. Энэ орлогоороо BizNetwork төслөө санхүүжүүлж 2009 оны хоёрдугаар сард олон нийтэд анх танилцуулж байлаа. Хаалттай буюу зөвхөн өөрийн найзуудаа урих хүрээнд (invitation only) нээсэн эхний өдөр л манай сүлжээнд 600 хүн бүртгүүлсэн. Сарын дараа 2000, зургаан сарын дараа 10,000 хэрэглэгчтэй болсон. Тэгээд зургаан сарын дараа яаж мөнгө олох билээ гэж бодож эхэлсэн. Үүнийхээ хүрээнд Name card party-г анх зохион байгуулж SS Club-г залуусаар дүүргэж байв.

 

 

В.Г: Нууц биш бол өмнө нь бүтэлгүйтсэн хоёр төслийнхөө талаар ярьж өгөөч?

В.Б: Эхний төсөл AdNetwork-г ярья. Монголд ирээд сонин эргүүлж байхад маш их зарын мэдээлэл байсан. Сайтууд ч гэсэн олон баннеруудтай байв. Зар өгч байгаа болон зар сонирхож байгаа талуудыг холбож чадвал бизнесийн боломж байна гэж харсан. Тэр үед зар өгч буй талууд нь дан том компаниуд байв. Яагаад жижиг болон дунд хэмжээний компаниудад зараа өгдөг платформ байж болохгүй гэж хэмээн бодсон. Цэвэр мэдээллийн технологийн өнцгөөс асуудлыг харж системээ хийсэн ч бизнес болон маркетингийн ямар ч төлөвлөгөөгүй эхэлсэн. Системээ хийчихээд бараг бүх том компани дээр очиж танилцуулаад энэ загвар цаашаа явахгүй, мөнгө олж чадахгүй юм байна аа гэж ойлгоод орхисон. Дараагийн төсөл нь биечлэн дэлгүүр явахгүй худалдан авалт хийх цахим худалдааны BizMarket төсөл байсан. Мөн л системээ сайхан хийчихсэн боловч энэ дэд бүтцийг ашиглах худалдагч нараа, худалдан авагчдаа яаж олох вэ гэдэг дээр очоод нам гацсан. Тэгээд энэ хоёр бүтэлгүйтсэн төслүүдийн нэрүүдийг нь нийлүүлж BizNetwork гээд ажилтай, нийгмийн идэвхтэй, шижигнэсэн сайхан залуусыг холбосон сошиал сайт хийхээр зориглосон.

В.Г: Одоо BizNetwork-тойгоо холбоотой байгаа юу?

В.Б: Старт ап буюу бизнес анхлан хийхэд гурван л төгсгөл байдаг. Эхнийх нь, төсөл санаачлагч, хөрөнгө оруулагчид төслөө бусдад зарж бизнесээсээ гардаг. Хоёр дахь нь, уг бизнесээ бусад бизнестэй нэгтгэж, өөр компанид худалдаж улам цаашаа өргөжүүлдэг. Гурав дахь нь, уг бизнес дампуурдаг. Миний хувьд BizNetwork-г дөрвөн жил хагас ажиллуулаад өөрийн хувиа зарж уг бизнесээс гарсан. Энэ төсөл маань хоёр жилийн дараагаас эхлэн цэвэр мөнгөн урсгал нь эерэг болж эхэлсэн. Тэр үеэс эхлээд би өөрийгөө их голж эхэлсэн. Ингэж дураараа юм эхлээд, хаяад, бүтэлгүйтээд хол явахгүй нь. Юмыг том харж сурах, бизнесийн мэдлэгээ нэмэх ёстой юм байна, ер нь сурах ёстой юм байна гэдгээ 25 хүн удирдаж ажиллаж байхдаа маш сайн ойлгосон. Тэгээд нэг л өдөр шийдсэн. Нэг өглөө машинаа унаад гэрээсээ гараад түгжрээд явж байхдаа өнөөдөр ажил дээрээ очоод би яг юу хийх билээ гэж бодсон. Өчигдөр хийсэн нөгөө л юмаа хийнэ гэдгээ мэдэж байсан.

Өөр илүү, шинэ юм юу ч хийхгүйгээ мэдэж байгаа мөртлөө өглөө бүр ингээд замд түгжрээд хамаг цагаа бараад, залуу насаа үрж буйгаа бодоод харамссан.

Тэгээд шууд гэр рүүгээ буцаж давхиад компьютерээ асаагаад дэлхийн хамгийн шилдэг MBA хөтөлбөртэй сургуулиуд гэж хайгаад л сургуулиа судалж сонгосон. Тухайн үед BizNetwork маань алдагдалгүй ажиллаад эхэлснээс гадна хэд хэдэн хүн энэ бизнесээ надад зарчих гэж ирж байсан. Тэр бүхэнд үгүй гэж хэлж байсан хүн өөрөөр бодож эхэлсэн. Ингээд нэг худалдан авахыг хүссэн хүнтэй үнээ тохироод өөрийн хувиа зарах хэлцэл хийсэн. Зарахдаа би зөвхөн тэр хүний мөнгийг харж шийд гаргаагүй. Ажил хайж байгаа хүмүүсийн зовлон, стресс асар их байдаг. Ажил олгогчдод ч гэсэн том бэрхшээлүүд байдаг. Бидэнд аль аль талууд нь асар их талархдаг байсан. Байгууллагуудын хүний нөөцийн газрынхан бидэнд тогтмол цэцэг, бэлэг илгээж талархлаа илэрхийлдэг. Хүний нөөцийн энэ чухал дэд бүтэц, энэ хэрэгтэй сүлжээг хэн нэгэн аваад дампууруулах ёсгүй гэдэг гол шаардлага надад байсан. Зөв хүндээ худалдаж олсон мөнгөөрөө баруун руу явж сурна гэж төлөвлөсөн дөө.

В.Г: Бизнесээс олсон мөнгөөрөө өөрөө өөртөө хөрөнгө оруулсан байна шүү дээ!

В.Б: Өөртөө хөрөнгө оруулсан. Гэхдээ энэ арилжаа намайг сургуульдаа очсоны дараа хийгдсэн. Манай бизнесийн түнш “чи явж сур аа, би арыг чинь даана” гэж амласан. Би халаасандаа амьжиргааны мөнгөө хийгээд л бараг ямар ч төлөвлөгөөгүй Америкт бууж байлаа. Намайг явсны дараа Монголын эдийн засаг муудаж, манай бизнест ч хүндээр нөлөөлсөн. Юун миний улирлын 20,000 долларын сургалтын төлбөрийг компани маань төлөх. Ёстой өөрөө өөрийгөө арай гэж авч явахдаа тулсан. Сургуулиа яаж үргэлжлүүлэх вэ, ажил хийх үү, сургуулиасаа чөлөө авах уу, яаж мөнгө олох вэ гээд хүнд байдалд орсон. Тэр хүнд үед Амазон компанид тэнцээд сарын 9000 долларын цалинтай дадлага хийх эрхтэй болж, үүгээрээ өр зээлээ төлж, ажил амьдралаа зохицуулсан даа. Нарийн ярьвал их хөгтэй, олон хүнд түүхүүд бий. Товчхондоо хэлэхэд, би өөрөө хөгжих ёстой, сурах ёстой гэдэг маш тодорхой зорилго тавьж, энэ зорилгынхоо төлөө тууштай, зоригтой зүтгэсэн. Тэрнээс биш энэ айхтар үнэтэй сургууль байна, би тэнцэх болов уу, төлбөрийг нь яаж төлөх вэ, мөнгө яаж олох вэ гээд анхнаасаа бодоод, айгаад эхэлсэн бол би хэзээ ч Америк явж сурч чадахгүй байсан.

 

Чи л хүсэх юм бол дэлхий ертөнц тэр чигээрээ хүслийг чинь сонсч хамтарч ажилладаг гэдэг үг байдаг.

В.Г: Сайхан түүх бас зөвлөгөө байна. Залуучууд, бидний үеийнхэн, биднээс дээш үеийнхэн дунд ч зорилгоо тодорхойлж чадаагүй, чадахгүй байгаа, хүсэхгүй байгаа, хаана, юу хийхээ ч мэдэхгүй цаг үрж яваа хүмүүс бишгүй харагддаг. Хүн урдаа тавьсан зорилготой байна гэдэг ийм чухал байх нь ээ!

В.Б: Миний анзаарснаар зорилгоо тодорхойлохдоо ихэнх хүн өөрсдийгөө хүлээсээр хүлчихдэг. Жишээ нь, старт ап хийе гэхээр би мөнгөгүй юм чинь чадахгүй, өөрийн гэсэн оффисгүй болохоор бүтэхгүй ч гэдэг юм уу ямар нэг нөхцөлөөр өөрөө өөрийгөө хориод байдаг. Энэ бүх нөхцөлүүдийг эхний ээлжид мартаад яг та өөрөө юу хийхийг хүсч байна вэ гэдгээ сонсч мэдэрч ойлгох нь чухал. Тэгээд л түүнийхээ төлөө ажиллаж эхэл! Эхэлнэ гэдэг ямар ч ажлын 50% байдаг.

Алсын хараагаа тодорхойлоод нэг эхэлсэн байхад манан дунд бүх юм чинь аяндаа тодроод л ирдэг.

В.Г: Америкт ямар сургуульд хэр удаан суралцсан бэ?

В.Б: Сиэтл хотод байрлах University of Washington-д хоёр жил суралцаж, АНУ-д нийт гурван жил болсон. Би технологи суурьтай учраас дэлхийн технологийн том компаниуд байдаг хотод очно гэж өөртөө шалгуур тавьсан. Яагаад би энэ газрыг сонгосон бэ? Сиэтлийг АНУ-ын хоёр дахь цахиурын хөндий гэж нэрлэдэг. Амазон компанийн гэр нь бөгөөд зөвхөн энэ хотод 30,000 ажилтантай. Майкрософт компанийн 50,000 хүнтэй жижиг хот энд байдаг. Мөн Гүүгл, Делл, Фэйсбүүк, Твиттер зэрэг бүх том технологийн компанийн хоёр дахь оффис нь Сиэтл хотод байдаг. Ийм л орчинд сурч, ажиллаж, амьдарч үзэх нь миний зорилго байсан.

В.Г: Америк руу маш тодорхой зорилго бас гэгээн мөрөөдөлтэй явсан байх. Явсан зорилгоо биелүүлж чадсан уу. Нөгөө Америк гэсэн хүлээлттэй чинь таарсан уу?

В.Б: Миний явсан зорилго өөрийгөө хөгжүүлэх, технологийн суурь дээрээ нэмээд бизнесийн мэдлэг олж авах байсан. Мөн салбарын маань дэлхийн чиг хандлагыг тодорхойлдог орчинд нь орж үзэх, дэлхийн том корпорациудын ажил явуулдаг процессийг нь мэдэх, удирдлагын арга барилыг нь мэдрэх, байгууллагын соёлтой нь танилцахыг зорьсон. Энэ зорилгодоо хүрэхийн тулд зорилтууд нь нэгт тэнд сурах, хоёрт тэр компаниудын шалгуурыг нь дааж тэнцэн дадлага хийж, дотор нь орж ажиллах байсан. Би зорилгоо биелүүлж чадсан. Хоёр ч компанид ажиллаад үзсэн. Америкт бүтэн цагаар мастерийн сургалтанд сууж байгаа оюутнууд заавал мэргэжлийн дадлага хийх ёстой байдаг. Хуулиараа цалинтай дадлага хийдэг. Америкийн MBA хөтөлбөрүүдийн чансааг гаргахдаа оюутнууд нь ямар компаниудад хэдэн долларын цалинтай дадлага хийснийг нь голлон үндэслэдэг. Хөтөлбөрийн 30% нь онолын мэдлэг, 30% нь дадлага, 30% нь ажил хэргийн сүлжээ үүсгэх, ажилд ороход бэлдэх, карьер төлөвлөлт байдаг. Сургуулиудын карьер хөгжлийн төвүүд нь их хүчтэй байдаг. Тэдгээр төвүүд том компаниудыг сургууль дээр урьж дадлага хийх, ажилд орох ярилцлагуудыг хийлгэдэг.

В.Г: Дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын жагсаалтыг гаргахад ашигладаг нэг гол үзүүлэлт нь төгсөгчид нь хэдэн долларын цалинтай ажилд орсноор нь дүгнээд байдаг шүү.

В.Б: Яг үнэн. Төгссөн оюутнууд нь ажилд орж чадсан эсэх, ажилд орсон оюутнуудын цалин нь тухайн сургуулиудын нэр хүндэд шууд нөлөөлдөг. Жишээ нь, Харвард төгсөгчдийн жилийн цалин 170,000 доллараас эхэлж байхад манай сургуулийг төгсөгчид 120,000 эхэлдэг ч юм уу. Энэ нь эргээд тухайн сургуулиудын хувьд оюутнаа шалгаруулан авах нэг шалгуур нь болдог. Тэр ч утгаараа сургуулиуд төрөлжсөн байдаг. Стэнфорд энтрепренер чиглэлийг барьдаг бол Вартон санхүүгийн чиглэлээр мэргэшсэн гэх мэт. Харин манай сургууль технологийн компаниудад хүний нөөц бэлдэж өгдөг. Эдгээр сургуульд оюутнуудыг хичээлээр шахахаас илүүтэйгээр туршлага олгох, хооронд нь мэдээлэл солилцуулахыг эрхэмлэдэг. Өндөр оноо авсан нь биш хичээлийн гадуур хэр сайн практик хийж чадсан нь, хэр сайн олон нийтийн ажилд оролцсон нь, өөрийн сүлжээгээ хэр сайн өргөжүүлж чадсан нь амжилттай ажилд ордог. МВА хийж байгаа оюутнуудад бизнесийн мэдлэг чухал ч манлайллын чадварууд бүр чухал гэдгийг ойлгуулдаг.

В.Г: Технологийн гигант компаниуд болох Амазон, Делл-д ажилд орсон туршлагаасаа хуваалцаач?

В.Б: Манай сургуулийн МВА хөтөлбөрөөс жил бүр 10 оюутныг Амазон компани авч дадлагажуулдаг. Ангиараа мэдээж үүний төлөө өрсөлдөнө. Техник чадвар, асуудал шийдэх, дүн шинжилгээ хийх, манлайллын чадваруудыг сорьсон нийт зургаан ярилцлага авдаг. Миний англи хэл хангалттай төвшинд байж чадаагүй ч өмнө нь Монголдоо энтрепренер байсан туршлагыг маань сонирхож бас үнэлж намайг Амазон компани сонгосон. Нэг төрлийн ажлыг олон жил хийсэн хүнтэй харьцуулахад чамд илүү чадвар байна. Гэхдээ тэр чадвараа чи мэдэхгүй явж байх магадлалтай. Чадвараа бүрэн нээгээгүй байж олон юм оролдож үзсэн болохоор би бусад оюутныг бодвол амжилттай, амжилтгүй болсон төслүүдийнхээ ярих олон түүхтэй байсан. Тэгээд тэнцээд Амазонд гурван сар цалинтай дадлага хийх эрхтэй болсон. Амазонд технологи ба бизнесийг хослуулсан бүтээгдэхүүн хариуцсан ахлах менежерийн (Senior product manager) ажил хийж үзсэн. Энэ нь зах зээл, хэрэглэгчдийн судалгаанаас эхлээд, шинэ бүтээгдэхүүний санаа, санхүүгийн төлөвлөлт, маркетингийн төлөвлөгөө, технологийн шийдлүүдийг бүгдийг нь базан багаа ахлан ажиллана гэсэн үг. Миний даалгавар гурван сарын хугацаанд Амазонд найзаа урьдаг Referral program-г хөгжүүлж нэвтрүүлэх байсан. Сард 9000 доллар чамд өгч байгаа компани мэдээж чамайг бүрэн ашиглахыг хичээнэ. Энэ бол аль аль талдаа win-win нөхцөл. Чи ажлаа сайн хийгээд цалингаа авчихна. Компани ямар нэг бүтээгдэхүүнтэй үлдэнэ. Гүүгл, Аппл компанийн үүсгэн байгуулагчид, удирдлагуудыг харж байхад голцуу бизнес сэтгэлгээ нь давамгайлсан өндөр төвшний бүтээгдэхүүн хариуцсан менежерүүд байгаа нь мэдэгддэг. Амазон жил бүр топ 25 МВА бэлтгэдэг сургуулиас 120 оюутан шалгаруулж дадлага хийлгээд тэдний 20%-д цаашид үргэлжлүүлэн ажиллах ажлын санал өгдөг. Энэ үед би ажлын санал аваагүй. Үүний дараа ямар компанид ажилд орох вэ гээд Амазонийг хасаад том 20 технологийн компаниудыг жагсааж байгаад төлөвлөж эхэлсэн. Манай сургуулийн төгсөгчдийн клуб гэж байдаг. Тэндээс асар их мэдээлэл авч, том компаниудтай шууд холбогдох боломжтой байдаг. Нэг компанитай гэхэд л долоон удаа ярилцлагад орно. Шаардлагатай гэвэл найм дахь ярилцлагыг тэд хийдэг. Асар хүнд, цаг авсан, хариуцлагатай, чухал процесс. Нэг компанид ажилд орохыг хүссэн 10,000 өрсөлдөгчтэй чи өрсөлдөнө гэсэн үг. Иймээс төгсөгчдийн клубээ сайтар ашиглан шийдвэр гаргах гол хүнтэй нь холбогдох, өөрийгөө танилцуулах, ойлгуулах, мэдрүүлэх тактикууд ашигладаг.

Яагаад би Делл компанийг сонирхсон бэ гэвэл тэр үед тэнд big data, machine learning төсөл нь хэрэгжиж байсан.

Зургаан сарын өмнө байгуулагдсан энэ багт нь энтрепренер сэтгэлгээтэй, туршлагатай бүтээгдэхүүн хариуцсан менежер хэрэгтэй гэдэг мэдээлэл аваад тэнд очиж уулзсан. Тэр үед Dell, EMC компаниуд нэгдээд иргэдэд зориулж компьютер дагалдах хэрэгсэл, байгууллагуудад зориулсан дата төвийн үйлчилгээг зардаг болоод төрөлжсөн байв. Манай баг 60 хүнтэйгээр big data төслийнхөө програм хангамжийг хариуцан ажилласан. Энэ оны таван сард бид шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд зарласан. Өөрөөр хэлбэл төслийн судалгаанаас эхлүүлээд зах зээлд зарлатал бүтэн цикл ажиллаж, том компанийн туршлага, процесс, соёлоос нь суралцах хоёр дахь зорилгоо биелүүлсэн.

В.Г: Делл-д маш амжилттайгаар карьераа дөнгөж эхэлж байгаад яагаад гэнэт Монголдоо буцаж ирэхээр шийдэв?

В.Б: Ямар ч том компанид орсон эхний хоёр сар маш сайхан байдаг. Асар их юм сурч мэддэг. Гурав дахь сараасаа эхлээд хүссэн хүсээгүй тэр том компаниудын соёлд нь хүлэгдэж эхэлдэг. Том машины эрэг шураг болохоор ерөнхийдөө бүх юм ойлгомжтой болоод, ажил ч гэсэн гарт ороод уйтгартай талдаа, мөн шинэ сорилтгүй болоод ирдэг. Өөрийнхөө ирээдүйн 15 жилийг би тэнд маш тод харж чадаж байсан. Ажлаа гартаа оруулчих юм байна. Гурван жилийн дараа байрны зээл авчих юм байна. Таван жилийн дараа би ахлах албан тушаалд оччих юм байна. Тэдэн жилийн дараа тэтгэвэртээ гарах юм байна. Дараа нь улс орнуудаар гэр бүлтэйгээ аялах юм байна гээд бүх зүйлс төлөвлөгдөж харагдаж байсан. Тэгээд би сонголт хийх ёстой болсон. Ийм тайван, эрсдэлгүй ажил амьдрал сонгоод хилийн чанадад үлдэх үү, эсвэл хүссэн юм аа хийгээд, унахдаа унаж, босохдоо босч явах уу гээд.

Би одоо 37 настай. 45 хүртлээ энэ биеийн бүх энергийг тултал нь ашиглаж үзэхийг хүсдэг. АНУ-д байсаар байгаад 45 нас хүрчихвэл би одоо бодож байгаа зүйлээ хийж чадахгүй, ийм зүйл бодох ч зориггүй болчихсон байна.

Энэ бодол маань үргэлж дотор байсан. Дараагийн нэг нөлөөлсөн зүйл бол визний асуудал. Америкт чи старт ап эхлүүлж болно, гэхдээ чи энэ визээ хүлээгээд суувал таван жил болно. Тэгж байж хууль ёсоор хувийн бизнесээ эхлүүлнэ. Таван жилийн дараа миний хүсэл эрмэлзлэл унтарч болно, эсвэл би Америкийн тухтай, тавтай амьдралд нь дасчих гээд байсан. Энэ үед манай найзууд монгол брэндийг дэлхийд гаргая аа, чи хүрээд ирээч ээ гээд Око Сингапураас яриад, Анар Монголоос холбогдож эхэлсэн. Тэр үетэй давхцан компаниас маань Канад руу явж ажиллах санал тавьсан. Тэгээд л бодсон доо. Монголд эдийн засаг сэргэж байна, гоё санаа, ажлуудаа одоо хийхгүй бол хэзээ хийх вэ, залуус бид өөрсдөө оролцож хийхгүй бол хэн хийх вэ гээд. Монголдоо ирэхээсээ гадна монгол брэндийг дэлхийд гаргана гэсэн манай найзуудын алсын хараанд хамгийн их татагдсан. Монголчууд Америкт өрсөлдөж чадахгүй юм аа гэхэд Азид хангалттай үзэлцэнэ шүү дээ гэсэн итгэл надад байдаг. Энэ бүх зүйлс явсаар байгаад нэг цэгт огтолцоод л дөрвөн сард шийдвэрээ гаргаад л бэлтгэлээ хийсээр байгаад нүүгээд Монголдоо ирлээ дээ. Ирээд л маргаашнаас нь “Анд Глобал” компанид ажиллаж эхэлсэн.

"Анд Глобал" компанийн бүтэц ба амбиц

 

В.Г: Гадаадад байсан монголчууд маань нутагтаа байсан хэдээ бодвол илүү эх оронч бас аархал омогшлоор илүү хөглөгддөг санагддаг. Азид бид хангалттай өрсөлдөж чадна гэсэн итгэл байна гэж өөрөө хэллээ. Энэ бодит итгэл үү, эсвэл энд энд байсан хэдэн үеийн залуучууд нийлчихээд аархаж онгироод хөөрөөд гүйлдээд байна уу? Хөөсрөөд гүйлдээгүй биз дээ? (инээлдэв)

В.Б: Бидний сагадаг нас өнгөрчихсөн. 35 нас өнгөрөөд ирэхээр ямар ч хүн тогтоод, юмыг бодитой харж үнэлж эхэлдэг. Азийн улсуудын нөхцөл байдлыг бид судалсан, мэднэ. Би өөрөө Америкт ажиллаж байсан тэндэхийг ерөнхийдөө гадарлана. Ази тив дотроо монголчууд дайчин зангаараа илүү, түүнийгээ зөв ашиглаж чадвал бизнесийн том боломж байна гэж харагддаг. Өндөр хөгжилтэй улсууд хэдий ч бидний хүргэх гэж буй үйлчилгээг авч чадаагүй бүхэл бүтэн масс Азийн улсуудад хэдэн саяараа байгаа. Үүнийг бол бид яг бодитоор судалж байж итгэл үнэмшлээ олж авсан.

Харин монгол брэндийг гадаадад гаргаж тамгална гэдэг тал дээр аархаж буй зүйл бий бий (инээв). Энэ вишн буюу алсын хараагаа бодохоор заримдаа өөрийн эрхгүй дотроос огшдог.

Юуны тулд багаараа ажилладаг билээ бид бөөнөөрөө сууж байгаад энэ аархал, омогшлоо дарж асуудлыг бодитоор харж хэлэлцэн тэнцвэржүүлдэг. Око гээд манай хамтрагч Сингапурт суурин байж манай компанийн Ази тивийн төлөөлөгчөөр ажилладаг. Тэр хүн жишээ нь, Азиудын энтрепренер сэтгэлгээ, хөгжил соёлыг сайн мэдэж байгаа. Баруунтай харьцуулбал юун дээр хоцорч байгааг нь ч бид харж байна. Иймээс бид Азид чадна гэдэг итгэл бадраад байгаа юм. АНУ-ын цахиурын хөндийн 15 жилийн өмнө болсон тренд яг одоо Ази тивд Хятадаас эхлээд Зүүн өмнөд Ази руу шилжиж байна.

В.Г: “Анд Глобал” компанийн үүсгэн байгуулагчдыг өмнө нь мэддэг байсан уу, эсвэл өөрийг чинь хүний нөөц нь “авлаад” гадаадаас аваад ирэв үү?

В.Б: Аливаа бизнесийг урт хугацаанд хийхийн тулд хамтрагчдын хүн чанар, бие биедээ итгэх итгэл, хүндлэл, ойлголцол асар чухал байдаг. Энэ компанийг үүсгэн байгуулагчдын нэг Болдоо бид хоёр Турк сургуульд цуг суралцаж, дотоодын болон олон улсын математик, мэдээлэл зүйн олимпиадад цуг өрсөлддөг байв. Үүсгэн байгуулагч Анар, Болдоо хоёр Өвөрхангайн олимпиадуудад цуг өрсөлддөг байсан арван жилийн найзууд. Болдоотой яг зэрэг Турк руу сурахаар явж байсан бол Анарыг Жи-Мобайлд байхад нь хамтраад хэд хэдэн төсөл дээр ажиллаж үзсэн хүнийг нь мэдэх тул эргэлзэх юмгүй саналыг нь хүлээн авсан.

В.Г: “Анд Глобал” гээд энэ компани яг юу хийдэг компани вэ. Энэ компанид ямар асуудлыг нь хариуцаж ажиллаж байгаа юм бэ?

В.Б: Манай компанийн алсын хараа бол санхүүгийн үйлчилгээг авч чадахгүй байгаа нийгмийн бүлэгт технологийн тусламжтайгаар уг үйлчилгээг хүргэж нийгмийн эерэг өөрчлөлтөд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм. Энэ хүмүүс заавал Монголд байх албагүй. Ази тивд баян ядуугийн ялгаа ихэсч, банкны үйлчилгээг авч чадахгүй байгаа хэдэн сая хүмүүс байсаар л байна. Эдгээр хүмүүсийн авч чадахгүй асар маш олон санхүүгийн үйлчилгээ бий. Тухайлбал, зээл, төлбөр тооцоо, биллинг, мөнгөн гуйвуулга гэх мэт. Монголын хууль эрхзүйн орчин, зах зээлийн сегмент, хэрэглэгчдийн солонгорол нь бидний хувьд олон улсад зориулсан бүтээгдэхүүнээ гаргах маш сонирхолтой ба сорилттой талбар болж өгч байгаа. Нийгмийн эдгээр бүлгүүдийн хэрэгцээ шаардлагуудын судалж үзээд нэн шаардлагатай бүтээгдэхүүн нь бичил зээл юм байна гэдгийг тодорхойлсон. Гэхдээ бид технологи дээр суурилж санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ФинТек старт апийн хувьд маш тодорхой ба хатуу дэд зорилтуудыг өөрсдийн өмнөө тавьсан. Энэ нь уламжлалт загварыг бид эвдэж, уламжлалт үйлчилгээг бид ямар нэг байдлаар дор хаяж 10 дахин сайжруулна гэдэг зорилт юм. Энэ нь 10 дахин хялбархан болгоё, 10 дахин хурдан болгоё, эсвэл 10 дахин хямдхан болгоё л гэсэн үг.

Хэрвээ одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг 10 дахин сайжруулж чадахгүй бол бид энэ бизнесийг хийхгүй. Жишээ нь, хуучин 48 цагт гардаг байсан банкуудын жижиг хэрэглээний зээлийг таван минутанд шийддэг болгож чадсан.

Банк руу биеэрээ очих, баахан бичиг цаас бүрдүүлж явах цаг хугацааг нь хэмнэж бид гар утсандаа аппликэйшн (www.lend.mn) татаж аваад л асуудлаа дурын газраасаа шийдэх боломжийг бий болгосон. Үнийн хувьд найдвартай зээлдэгчиддээ бид хамгийн хямд үйлчилгээг өгөхөөр ид ажиллаж байна. Ингэж гэмээнэ бүтээлч устгал жинхэнэ утгаар хийгдэж хэрэглэгчид хожиж, бусад тоглогчдын өрсөлдөх чадвар сайжирдаг.

www.lend.mn бүтээгдэхүүний брэндийн концепц

 

В.Г: Банкны үйлчилгээг авч чаддаггүй байтугай авч байгаа хэрэглэгчид танай үйлчилгээнээс хожиж байгаа гэдэгтэй санал нэг байна. Банкуудын зүгээс ямар үйлдэл үзүүлж байгаа нь сонин байна!

В.Б: Банкуудаас эхний үед жаахан үл итгэх байдал үзүүлсэн. Гэхдээ бүтээлч устгал хийж байгаа бизнес загвар бүхий старт апуудын нэг сайхан эерэг зүйл нь тогтсон системийг эвдэх гэж оролдох зуураа нийгэмдээ эерэг үр нөлөө үзүүлж, хамгийн гол нь энэ үйлчилгээ ийм л байх ёстой гэж бодож явж байсан уламжлалт сэтгэлгээтэй үйлчилгээний байгууллагуудыг сэрээж, хурцалж, тэдний өрсөлдөх чадварыг нь сайжруулж, дархлааг нь сэргээж өгч байдаг. Иймээс дүгнэхэд банкууд биднийг даръя гэхээсээ илүүтэйгээр өөрсдөө зээлийн үйл ажиллагаагаа илүү уян хатан болгож, хэрэглэгчиддээ илүү хялбар үйлчилгээгээ хүртрээмжтэй хүргэе гэдэг ерөнхий чиг хандлага бүх банкуудад ажиглагдаж байгаа. Үр дүнд нь хэрэглэгчид ч хожиж байна, энэ салбарт ажиллаж байгаа компаниуд ч хожиж байна.

В.Г: Магадгүй Social Pay, QPay гээд манай банкуудын гаргаж эхэлсэн шинэ үйлчилгээнүүд танай бүтээлч устгалтай холбогдож мэдэх л юм.

В.Б: Бид бас анзаарсан. Банкууд маань технологийн чиглэлийн старт апуудтай маш сайн хамтарч ажиллаж байгаа юм билээ. Бусдын эхлүүлсэн юмыг дууриагаад хийчихье гэхээсээ илүү хамтарч ажиллаад өөрсдийн үйлчилгээгээ улам олон хүнд хүртээмжтэй хүргэе гэдэг хандлага руугаа орсон гэж бид харж байгаа.

В.Г: Монголд ийм байдаг юм байж. Та бүхний онилж байгаа Азийн зах зээлд та бүхнээс хамаагүй том, алдартай корпорациуд, банкууд ажилладаг. Тэд тэнэг л биш бол энэ боломжийг хараад аль хэдийн ажиллаж эхэлсэн байгаа байх. Та бүхний санал болгож байгаа шийдэл тэднийхээс илүү байж, хилийн чанадад амжилттай нутагшиж чадах уу. Дээр аархал байгаа гэж хэлснийг би зөрөөд барах уу гэж нөхөрсөгөөр асуумаар байна?

В.Б: Асуултыг маш сайн ойлгож байна. Бид эхлээд Камбуж улсыг сонгосон. Хөгжил арай сул, дотоодын өрсөлдөгчид харьцангүй бага гээд. Бид хажууд нь хамаагүй инновацилаг нөхдүүд болж очно. Тухайн зах зээл рүү нэвтрэх олон ч загварыг боловсруулсан. Тэр улсын уламжлалт компаниудаас ялгарах бидний ялгарал нэгдүгээрт, эрсдлээ даах чадвар байсан. Тус улсын банкуудад зээл авч үзээгүй, зээлийн түүхгүй, банктай харьцаж үзээгүй, тогтмол орлогогүй хүмүүст хүрч үйлчилнэ гэдэг институцийн бодлого ч байгаагүй. Эрсдэлтэй тул хүсэл ч байхгүй. Тэд шийдэл боловсруулаад өрсөлдсөн ч биднийхийг давхааргүй нь илт байсан. Гэхдээ бид дотоодын эдгээр өрсөлдөгч нартай харилцан ашигтай хамтран ажиллах стратеги барьсан. Тэдний хамгийн том банкны нэг болох Сатапана банкны хэрэглэгчид дээр нь суурилаад эрсдлийн бүх үнэлгээг нь бид хийж хамтран ажиллах түншлэлийн гэрээ хийх шатанд орж байсан. Харамсалтай нь улстөрийн тогтворгүй байдал, төрийн эргэлт гарах бодит эрсдлүүд тулгараад бид түр энэ төслөө зогсоосон. Филиппин улсын зах зээл рүү яг ижил тактикаар бид орж байгаа.

В.Г: Ингэж дүгнэж болох уу. Та бүхэн арилжааны банкуудтай өрсөлдөх биш харин хоршин ажилладаг юм байна. Учир нь банкуудын орж чаддаггүй зах зээл рүү орж, хэрэглэгч нарыг нь үнэлэн бойжуулан “хүмүүжүүлж”, банкны хэрэглэгч болох шалгуурыг давахад тусалж байна шүү дээ.

В.Б: Би бас ижил бодолтой байна. Банкуудын хувьд магадгүй бичил зээлтэй зууралдах нь өртгийн хувьд өндөр байх.

В.Г: Магадгүй танай энэ бизнесийн концепц чинь сүүлийн үед яригдаад буй Social Entreprise буюу нийгмийн ямар нэг тулгамдсан асуудлыг шийдэн тэрхүү шийдлээрээ дамжуулан бизнес босгож байгаа хэлбэр байна. Олон нийтэд мэдээлэл өгч байгаа үйлдэл чинь өөрөө нийгмийн маркетинг болж байна. Монголд ийм компани их цөөхөн бий. Сошиал энтрепренэршип гэдэг ойлголтыг юу гэж боддог вэ?

В.Б: Би өөрөө нутаг амьтай. Туркт сургуулиа төгсөөд би Станбул хотод банкны салбарт нь программистаар ажиллаж байсан. Тэр үед ч нутагт зөндөө л асуудлууд байдаг л байсан. Тэгээд тэр асуудлуудыг хэн шийдэж янзлах ёстой юм бэ гэдэг асуулт гардаг байсан. Шийдэл нь Монголдоо ирээд сайн үйлсийн аян хийгээд бай гэсэн үг биш. Утаа, санхүүгийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд гээд асуудалтай салбарууд Монголд зөндөө. Салбар бүрд хийх ажил асар их бөгөөд хийж буй үйлдэл болгон давхар нөлөөтэй. Давхар нөлөө гэдэг нь та бизнесээ хийгээд ашиг олж болно.

Гэхдээ та урт хугацаандаа нийгмийнхээ ямар нэг тулгамдсан асуудлаас хамжин шийдэлцэхгүй л бол бизнес чинь тогтворгүй, ирээдүйд баталгаагүй гэсэн үг шүү дээ.

Ийм бизнес хийхэд сэтгэл хүртэл өег, хийж буй үйлдэл бүрээсээ хүнд тусалж байна гэж бодохоор том кайф авдаг.

В.Г: Шашнаар бол бусдад буян үйлдээд байна аа даа?

В.Б: Гэхдээ үнэгүй буян биш! Хүнд хэрэгцээтэй тэдгээр үйлчилгээ цаашаа илүү олон хүнд хүрэхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатайгаас гадна бизнес нь өөрөө ашигтай ажиллах ёстой болдог. Тэгэхээр шинээр бизнес хийж буй залуучуудад хэлэхэд аливаа асуудал болгоныг бизнесийн боломж гэж харахыг хичээгээрэй. Жишээ нь, Д.Наранбаатар гээд эрүүл мэндийн салбарын мундаг нийгмийн энтрепренер хүн байна. Ийм жишгийг залуус бид өөрсдөдөө стандарт болгомоор байна. Нийгмийн энтрепренершип гэдгийг буяны ажил, ТББ биш харин нийгмийн тулгамдсан асуудлыг бизнес рүү хөрвүүлдөг чадвар гэж хэлж болно.

В.Г: 2017 оны эхний улиралд зөвхөн мобайл банкаар хийсэн гүйлгээний дүн 3.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 дахин өссөн болохыг Монголбанк хөдөлгөөнт банкны тайландаа дурджээ. Мөн тайланд гар утасны хэрэглээнд тулгуурласан мобайл банкны аппликейшнийг 2.8 сая хэрэглэгч ашиглаж байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл гар утастай иргэд сард дунджаар 370,000 төгрөгийн гүйлгээг банк оролгүй хийдэг болжээ. Гэвч ухаалаг утас бүү хэл гар утас ч үгүй олон хүн Монголд байгаа. Тэр сегментэд та хэд яаж хүрэхээр төлөвлөж байна? Монголын зах зээлийн яаж томъёолсон бэ?

В.Б: Бид ямар ч барьцаа авахгүйгээр хэрэглэгчиддээ зээл өгч байгаа. “Анд Глобал” компанийн зорилго бол зээлийн бүтээгдэхүүн огт биш.

Зээл бол бидний удаан урт хугацаанд хийх гэж буй том төслийн зөвхөн эхний суурь бүтээгдэхүүн. Тэр нь www.lend.mn юм.

Лэндмн нь ББСБ бөгөөд “Анд Глобал” компанийн хиймэл оюун ухаан ашиглан хөгжүүлсэн тусгай программыг Монгол Улсад ашиглаж байгаа оператор компани. Бидний эхний зорилго бол лэндмн шиг тухайлсан бүтээгдэхүүнийг Азийн зах зээлд гаргах юм. Яагаад бид хэрэглэгчээ гар утас, сошиал медиа аккаунттай байхыг шаарддаг вэ гэвэл бид огт барьцаагүй зээл өгч байгаа. Үүний тулд бид тухайн зээлдэгчийг найдвартай юу, зээлээ төлж чадах уу гэдгийг нь үнэлэх ёстой. Үнэлэхийн тулд бидэнд тухайн хүний мэдээлэл хэрэгтэй. Бид хиймэл оюун ухаан, машин өөрөө суралцах зэрэг технологи ашиглан хэрэглэгчийн датаг оруулаад л систем өөрөө үнэлгээгээ автоматаар хийдэг. Гар утас ашигладаггүй, сошиал медиад ордоггүй хүмүүсийг бид орхигдуулж буй нь үнэн. Гэхдээ тун удахгүй гар утас, фэйсбүүк хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болно гэдэгт огт эргэлздэггүй. Бид энэ үйлчилгээгээ зах зээлд гаргаснаас хойш манай хэрэглэгчдийн өсөлт сарын 90%, зээлийн багцийн өсөлт 70%-тай явж байна. Хоккэйн цохиур модны бариул шиг л хурдацтай өссөөр байна. Хичнээн барьцаагүй зээл олгож буй боловч манай систем хүнээ маш сайн үнэлж чадаж байгаа учраас зээлийн эргэн төлөлт 99%-тай явж байна. Зээлийн өмнөх ямар ч түүхгүй хүнд бид зээл өгдөг. Энэ нь цаад утгаараа Монголын иргэн бүрийг санхүүгийн сахилга баттай байлгахад бидний оруулж буй хувь нэмэр гэж боддог.

В.Г: Нууц биш бол www.lend.mn-н дараа гаргах шинэ бүтээгдэхүүнүүдээ дурдаж болох уу?

В.Б: Цөөнгүй хүмүүс төлбөрөө төлж амжаагүйгээс гар утсаа хаалгадаг, төлбөрөө төлж чадахгүйгээс тогоо таслуулдаг. Энэ бол манай нийгмийн зарим бүлэгт тулгарч буй бодит бэрхшээл. Энэ бэрхшээлийг бид хялбархан шийдэх чадахаар дараагийн төсөл маань чиглэгдсэн. Тухайн мөчид манай хэрэглэгч мөнгөгүй байсан ч хүнтэй утсаар ярьж холбогдох эрхээ эдлэх, гэрэл цахилгаантай байж хүүхдүүддээ хоолыг нь хийж өгөх баталгаатай орчинг бүрдүүлэх юм. Яг зэрэгцээд гадаад зах зээл рүү гарч тэлэх ажлууд ч ид явагдаж байна.

LENDMN гэж юу вэ?

 

В.Г: Зарим хүний хувьд хувийн мэдээллээ танай системд хийхээс эмзэглэж буй нь харагдсан. Миний мэдээлэл хэр найдвартай хадгалагдах уу, өөр хүмүүс зүй бусаар ашиглах эрсдэл байна уу гээд. Нөгөө нэг хэсэг хартай хүмүүс хүүгүй зээл гэж хаа ч байхгүй. Энэ залуусын мөнгөний эх үүсвэр юу бол. Аягүй бол Хятадын мөнгө угааж байгаа даа гэж хүртэл тоглоом шоглоомоор хэлж байна. Энэ хоёр эмзэг асуудал дээр хариу өгөөч!

В.Б: Манай байгууллага харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаална гэдэг үнэт зүйлтэй. Процесс болгон дээрээ бид үүнийгээ хэрэгжүүлдэг. Хүний хувийн мэдээлэл авах шалтгааныг би дээр тайлбарласан. Бидний үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй бүх мэдээлэл кодчилогдсон байдаг. Манай дотоодын ажилтан хүртэл хараад ойлгохгүй, тайлж унших боломжгүй. Интернэт банкаа харилцагч хүсвэл заавал бүртгүүлэх албагүй болгосон. Уг мэдээлэл нь манай системд нэг удаа бүртгүүлж мэдээлэл нь нэгтгэгдээд л систем дээрээ шууд устгагддаг. Технологийн ямар ч компанийн хувьд мэдээллийн аюулгүй байдал дугаар нэг зорилго байдаг. Тэр ч утгаараа бид монголын толгой компаниудад ажиллаж байсан, гадаадад энэ чиглэлээрээ докторын зэргээ хамгаалсан хүмүүсээс бүрдсэн баг бий болгож бүтэн цагаар зөвхөн манай харилцагчдын мэдээллийг хамгаалахаар ажиллаж байгаа. Хоёр дахь асуултын хувьд Монгол брэндийг дэлхийд гаргая, Монгол оюун ухаанаа экспортолъё гэдэг санааг дэмждэг Монголын үндэсний хөрөнгө оруулагчид маш их болжээ.

Бид мөнгө босгохдоо үнэхээр зовоогүй.

Эхний Angel investment буюу гарааны хөрөнгө оруулалтаа цэвэр Монголоосоо босгосон. Хоёр дахь шатны Seed investment буюу бойжилтын хөрөнгө оруулалтаас Японоос босгосон. Гэхдээ дийлэнх хөрөнгө оруулалт маань Монголоос боссон.

В.Г: Өнөөг хүртэл хэдэн төгрөг гадаад, дотоодоос танай баг босгоод байна вэ?

В.Б: Дөрвөн сая америк доллар буюу одоогийн ханшаар бараг шахуу 10 тэрбум төгрөг босгожээ.

В.Г: Энэ мөнгөөрөө мэдээж системээ сайжруулж, гадаад зах зээлээ судалж байгаа байх. Одоогийн байдлаар www.lend.mn–ийн хэрэглэгчдийн тоо хэдэд хүрээд байна вэ?

В.Б: Хагас жилийн дотор бид 25,000 хэрэглэгчтэй болж чадсан.

В.Г: Танай кэйсээс харахад Монголд старт ап бизнес хөгжих боломж бүрэн бүрдсэн гэж бодлоо. Зөв үү?

В.Б: Шинэ бизнес эхлүүлэхийн тулд юу ч хүлээх шаардлагагүй. Старт ап эхлүүлэх зөв орчин гэж хаа ч байдаггүй. Харин зөв цаг гэж байдаг. Миний бодлоор Монголд старт ап хийхэд ямар зүйлс дутагдаад байна вэ гэвэл нэгдүгээрт, энэ бизнесээ тууштай хийх чадвартай, тэмүүлэлтэй, эрсдэл даах зоригтой залуус дутмаг байна. Ихэнх нь туршилтын маягтай хагас жилээс үсрээд нэг жил явж үзээд л хаяад байх шиг анзаарагдсан.

Америкт бүх юм байгаа, шинэ санааны өрсөлдөөн асар хурц. Харин Монголын уламжлалт, данхайсан компаниудтай өрсөлдөж тэднээс 10 дахин хурдан шинэ бизнесийн загвар бүтээх боломж энд хангалттай байна. Хоёр дахь анзаарсан зүйл бол монгол залуус хооронд хамтарч чадахгүй байна. Бүх юмаа зөвхөн өөрсдөө л хийнэ гээд зүтгээд байх юм билээ. Үнэндээ бизнесээ хэн нэг нь 100% эзэмших, 50% эзэмших нь чухал биш. Хамгийн гол нь бизнесийн зорилгоо зөв тодорхойлж, бие биенээ хүлээн зөвшөөрч, чаддаг чаддаг ажлаа тултал хийж, бие биенээ бодитоор үнэлж, бусаддаа орон зайг нь өгч, биесээ дэмжин, хамтдаа нэгэн үнэт зүйлд зангидагдах байдаг. Би өөрөө энэ алдааг хийсэн. Хамгийн анх эхлүүлсэн амжилгүй болсон хоёр төсөл дээрээ би өөрөө л бүх юмаа хийх гээд зүтгээд байсан. Бизнетворк бол би Жавхаа гээд хамтрагчтай байсан тулдаа л амжилтад хүрсэн. Маркетинг суурьтай Жавхаа маань байгаагүй бол би технологио ярьж хийсээр байгаад энэ төсөл мөн л дампуурах байсан. Бусдаар бол Монгол улсын старт ап бизнесийн экосистем маш хурдацтай сайхан хөгжиж байгаа. Ялангуяа энэ эдийн засгийн хямрал том боломж үүсгэж, бизнесийн орчинг маш сайхан шигшиж сэгсэрч өгсөн. Шинэ бизнес, инноваци ярьдаг, энтрепренер сэтгэлгээтэй залуусын төсөлд хөрөнгө оруулах хүмүүс нэг үеэ бодвол ихэсч байна. Том компаниудын захирлууд ч гэсэн хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал шал өөр бодолтой болсон нь анзаарагдаж байгаа. Гар утасгүй хүн алга, интернэтэд хүн бүр орж байна. Хүн амын ихэнх нь залуус. Шинэ бизнес эхлэхэд өөр юу хэрэгтэй юм бэ? Яг өдийг л хувьсгалын тохироо бүрдэнэ гэж хэлэх байх шүү!

В.Г: Тав болон арван жилийн дараах “Анд Глобал” компани, түүний анхны бүтээгдэхүүн www.lend.mn төсөл ба иргэн Баярсайханыг хэрхэн төсөөлж, хаана байхаар төлөвлөж байгаа тань сонин байна!

В.Б: Бидний зорилго том. Бид Азийн зах зээл рүү гарна. Тэнд монгол брэндийг мэдрүүлнэ. Гэхдээ тав, арван жил болохгүй ээ. Тэрнээс өмнө хийж дуусгана.

Энэ хугацаанд дор хаяж Азийн 10 улсад энэ бүтээгдэхүүнээ гаргана.

Бизнесээ өргөжүүлэхийн тулд олон улсын зах зээлд хувьцаагаа гаргах, дэлхийн томчуудын хараанд өртөж тэдэнтэй түнш болж хамтрах гээд бодож төлөвлөж буй ажлууд багагүй байгаа. Товчхондоо тав, арван жилийн дараа бид оюуны экспортоо амжилттай хийсэн байх болно гэж төлөвлөж байгаа.

В.Г: Анар захирлын ярилцлагуудыг би өмнө нь харж байсан. Түүний ярианаас технологийн компанийн онцлог, танай суурь системийн давуу талуудын талаар хангалттай мэдээлэл авсан. Харин таны ярианаас санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ талаас нь нилээд мэдээлэл авлаа. FinTech буюу ФинТек компанийн загвар яах аргагүй мөн байх. Толгой компани болох “Анд Глобал” компани өөрөө цэвэр технологийн компани уу, санхүүгийн үйлчилгээний институци юм уу? Бизнесийн бүтцээ жаахан задалж, илүү ойлгомжтой тайлбарлаж өгнө үү?

В.Б: Би хувьдаа өмнө нь технологийг шал өөр өнцгөөс хардаг байсан. Харин одоо бол технологи гэдэг нь эцсийн хэрэглэгчдэд падгүй, тэдэнд үл үзэгдэгч байх ёстой гэж боддог болсон. Эцсийн хэрэглэгч хэрэгцээтэй үйлчилгээгээ л хялбар, хурдан, хямдхан авах ёстой болохоос биш доод талд нь хичнээн агуу, том, мундаг технологийн шийдэл гаргаж ашиглах нь бидний дотоод асуудал, бидний хийх л ёстой ажил юм. Хэрэглэгч талаасаа харвал бид санхүүгийн үйлчилгээний компани болж харагдана. Харин хөрөнгө оруулагч талаасаа харвал бид цэвэр технологийн компани гэж ойлгогдоно. Яагаад гэвэл бидний технологийг санхүүгийн компани ашиглан эцсийн хэрэглэгчидтэй харьцаж байгаа. Тийм учраас Азийн зах зээл руу гарахдаа бид тэнд санхүүгийн компаниуд шинээр байгуулахгүй. Харин санхүүгийн байгууллагуудтай нь хамтран ажиллаж, өөрсдийн технологио хуваалцана. Иймээс бид санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг цэвэр технологийн компани болж таарна.

В.Г: Ресторан хоол зардаггүй харин хооллох орчинг зардаг, зургийн аппаратны компаниуд камер зардаггүй харин хүмүүсийн аз жаргалтай мөчийг хадгалж үлдээх үйлчилгээ зардаг гэдэг шиг та нар хүмүүсийн гэнэтийн санхүүгийн хэрэгцээг хангадаг үйлчилгээг зардаг гэж хэлж болохоор санагдлаа.

В.Б: Яг үнэн. Бид бол цэвэр үйлчилгээний байгууллага гэж бас хэлж болно.

Монголын хэрэглэгчид бол үйлчилгээний салбарт үнэхээр хүлцэнгүй байсаар байгаад сурсан байна.

Одоо харин технологийн дэвшлийг ашиглан бүхий л үйлчилгээний салбарын стандартыг хамгийн дээд түвшинд авч ирэх боломж үүссэн. Төгс үйлчилгээ үзүүлдэг мэт сурталчилгаа хэвлэлээр явуулдаг ч очоод үйлчлүүлэхээр таг байдаг компаниуд Монголд зөндөө байна. Иймээс хэрэглэгч төвтэй бизнес хийж, аль ч үйлчилгээний салбарт хувьсгал хийхэд технологи ашиглах боломж дүүрэн байгааг дахин хэлье.

В.Г: Энэ бизнесийнхээ ашиг орлого дээрээ ямар зорилт тавьсан бол?

В.Б: Бид зээл олгохдоо хэрэглэгч бүрээ судлаад эрсдэл өндөр гэж дүгнэгдсэн хүмүүс дээрээ арай өндөр шимтгэл ногдуулдаг. Гэхдээ тэр хүн дандаа өндөр шимтгэл төлнө гэсэн үг огт биш. Дараа дараагийн удаа зээл авах тоолонд түүх үүсч шимтгэл нь буурдаг. Бидэнд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, улам цааш нь өргөжүүлэхийн тулд шимтгэлийн орлого зайлшгүй хэрэгтэй. Орлогогүй бол бид оршин тогтнохгүй нь ойлгомжтой. Цэвэр ашгийн хувьд хэлэхэд бидэнд богино хугацаанд Монголын зах зээлээс ашиг хийх зорилго огт байхгүй. Харин үнэ цэнэтэй хэрэглэгч нарынхаа дата баазыг үүсгэж тэднийхээ хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр гаргаж хүргэх нь бидний урт хугацааны ашиг олох зорилго юм. Манай хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн тодорхой хэмжээний эрсдэл хийж, богино хугацааны өгөөж харалгүй, урт хугацааны бизнесийн үнэ цэнэ үүсгэхийн тулд бидэндтэй нэгдсэн.

В.Г: Харилцагчид ухаантай болохоороо танай шимтгэлийг банкны зээлийн хүүтэй харьцуулаад сонголтоо хийх байх. Банкаар бол хүүгүй, танайхаар бол шимтгэлгүй зээл гэж санал болгодог уу та нар хамгийн үнэнч хэрэглэгчиддээ?

В.Б: Огт шимтгэлгүй зээл гэж байхгүй. Таны асуултад би ингэж хариулмаар байна.

Бид тухайн хэрэглэгчдэд үнэхээр үнэ цэнэтэй, хэрэгтэй үйлчилгээг нь хүргэж өгч чадаж л байвал, манай үйлчилгээг авсан хүн аминдаа тулсан асуудлаа шийдээд, бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байж чадах хэмжээнд л манай үйлчилгээний үнэ байх ёстой.

Өөрөөр хэлбэл манайхаас зээл аваад шулуулчихлаа, хэрэггүй авдаг байж гэдэг харуусал манай хэрэглэгчдэд байх ёсгүй. Хэрвээ хэрэглэгчид хэт өндөр шимтгэлтэй зээл авлаа гээд гомдоллоод ирвэл бид үнийн бодлогоо эргэж харна. Гэхдээ эцэст нь ганц зүйлийг онцолж хэлэхэд манай шимтгэл ямар ч тохиолдолд тухайн хүн ажлын цагаа, таксины мөнгөө үрж банк руу биечлэн очиж зээл авах зардал, замын түгжрэлийн стресс, бичиг баримт бүрдүүлэх хүнд суртлын алдагдсан боломжийн өртгөөс хэзээд бага байх болно. Үйлчилгээний өртөг үнэ гэхээс илүүтэйгээр үнэ цэнэ гэдэг талаас нь хэрэглэгчид харж сонголтоо хийж шийдвэрээ гаргаж сурах ёстой. Хүн туйлын ихээр өлсөж байхдаа хэдэн төгрөгөөр ч хамаагүй ямар ч хамаагүй хоол авч идэхээс өөр аргагүй болдогтой адил бид тулгамдсан асуудал үүссэн нөхцөлд таны ямар ч асуудлыг эгшин зуур шийдэгч байхыг зорьж байгаа юм.

Монголын анхны ФинТек "Анд Глобал" компанийн ирээдүйн төлөвлөгөө

В.Г: Монгол брэндийг дэлхийд гаргаж, хүмүүсийн асуудлыг гар утасны ганц товч асааж шийдэх том төслийнх нь ажилд өндөр амжилт хүсэн ерөөе!

Эх сурвалж: @ganzorig.vanchig

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Чатбот

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл