Нөхцөл байдал биднийг хүссэн хүсээгүй асуудлаа аль болох онлайнаар шийдэх амьдралын хэв загвар луу түлхэж байгаа энэ үед өөрийн бизнестээ онлайн худалдааг хэрхэн эхлүүлэх вэ гэж маш олон хүн асууж байгаа болохоор энэ талаар тайлбарлан бичихээр шийдлээ...
Юун түрүүнд онлайн худалдаа эхлэхээр шийдсэн, эсвэл төлөвлөж бодож байгаа танд баяр хүргэе! Энэ аялал урт бөгөөд бэрхшээл дүүрэн гэдгийг маш сайн ойлгоорой гэж хүсье! Энэхүү нийтлэл нь зөвхөн бараа бүтээгдэхүүнээ онлайнаар дотоодын зах зээлд зарах хүсэлтэй байгууллага болон хувь хүмүүст зориулагдсан гэдгийг онцлон хэлэх байна.
1. Онлайн борлуулалтын суваг, одоо ба ирээдүй
Маш олон байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, энэ талаар ярилцаж байхад ихэнх хүмүүс онлайн худалдааг зөвхөн вэб сайт нээх эсвэл facebook хуудас ажиллуулах төдийгөөр төсөөлж байдаг. Орчин үед онлайн борлуулалтын суваг нь зөвхөн вэб сайтаар хязгаарлагдахгүй бөгөөд Omni-channel буюу олон төрлийн худалдааны суваг үүсгэх боломжтой болсон.
Жишээ авч үзье:
Та бүхний сайн мэдэх ӨРГӨӨ кино театр дижитал бүтээгдэхүүн буюу тасалбараа борлуулалтын дараах сувгуудаар зарж байна.
- POS (Point of sale) буюу та бидний мэддэгээр шууд танхимаас очиж тасалбар авах
- Вэб сайт онлайн захиалга
- Чатбот / facebookийн messenger суурьтай захиалга
Одоо та өөрийн бизнесийг харьцуулаад үзээрэй, миний таамаглаж байгаагаар танд POS-оос өөр суваг одоогоор үүсээгүй байх. Аргагүй шүү дээ, Номин, И-март зэрэг томоохон дэлгүүрүүдийн онлайн худалдаа ч саяхнаас ажиллаж эхэлж байгаа болохоор та санаа зовох хэрэггүй.
Монголд дараах сувгуудаар онлайн худалдаа хийх боломжтой:
- Онлайн худалдааны вэбсайт сувгаар (өөрийн брэнд бүхий албан ёсны цахим хуудас нээх)
- Каталог вэб сайт + call center (Вэбээс бараа үзээд утасдаж захиалах ба захиалгыг оператор системд шивэх байдлаар)
- Facebook сувгаар (Энд fb-ээрээ чатлаж гараараа пост хийж бараа бүтээгдэхүүн зарахыг хэлээгүй болно)
- Онлайн маркет (ardshop, shoppy, banana mall... гэх мэт хэд, хэд бий)
- FB chatbot сувгаар (Facebook ийн messenger дотор)
- Lendmn миниапп (lend.mn апп дотор танай шоп ажиллана гэсэн үг)
- SocialPay миниапп (SocialPay апп дотор танай шоп ажиллана гэсэн үг)
- MonPay миниапп (MonPay апп дотор танай шоп ажиллана гэсэн үг)
Эдгээр суваг бүр өөр өөрийн давуу болон сул талтай учир манайх зөвхөн үүнийг л сонгох юм байна гэсэн хандлагаар хандаж болохгүй бөгөөд боломж байвал аль болох олон сувгаар бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахыг бидний зүгээс танд санал болгож байна. Ямар төрлийн бараа гэдгээс хамаарч сувгийн сонголт өөр өөр байж болох бөгөөд суваг бүр өөр өөрийн потенциал бүхий хэрэглэгчтэй. Аль ч суваг танд зөвхөн шинэ боломжийг л нээж өгч байгаа бөгөөд хэр сайн ажиллах нь дараа дараагийн асуудал болно.
2. Ямар бэлтгэл хангах вэ?
Онлайн худалдаа амжилттай болох бүх үндэс суурь нь та өөрөө болон танай байгууллага энэ асуудалд хэр зэрэг ач холбогдол өгч байгаа, мөн ямар хэмжээний хүний нөөц, зардал гаргахтай шууд холбоотой. Та ямар ч сайн зөвлөх аваад, ямар ч сайн санхүүгийн програм ашиглаад, бүр маш сайн сайт хийлгэсэн ч энэ нь амжилттай болно гэсэн баталгаа биш юм. Маш их зардал гаргаж онлайн дэлгүүр хийлгээд 6 сар хөтөлж үзээд "энэ бүтэхгүй юм байна" гээд хаядаг хүмүүс байна. Хэдэн жил ажиллуулж байж дөнгөж учраа олж эхэлж байгаа нэгэн ч байна.
Өөрөө мэдэр!
Ингэхэд та өөрөө онлайнаар хэр зэрэг худалдан авалт хийж байна? Дижитал бүтээгдэхүүн буюу утасны төлбөр онлайнаар төлөх гэх мэт үйлчилгээг нэг үеэ бодвол сайн хэрэглэж байгаа нь сайшаалтай. Бидэн дээр ирж байгаа ихэнх хүмүүс өөрөө үзээгүй эсвэл маш цөөхөн нь туршиж үзсэн байдаг. Тэгвэл яг одооноос эхлээд хайр найргүй захиалга хий гэж зөвлөх байна. Мэдээж, дэлгүүр нь найдвартай, буух эзэн буцах хаягтай газраас гэдгийг бүү мартаарай! Өдөр бүр захиал, өөрийн биеэр мэдэр, захиалга хийхэд танд ямар и-мэйл sms ирсэн, захиалга хийхэд хэр хүндрэлтэй байсан, лавлах төв, чат хэрэглэгчийн үйлчилгээ нь хэр зэрэг ажиллаж байсан гэх мэт бүгдийг хэрэглэгчийн байр сууринаас мэдрэх хэрэгтэй. Таны захиалгыг танд байж болох бүх сувгаар явцтай нь мэдэгдэж байвал болж байна гэсэн үг. Хэрвээ танд ойлгомжгүй зүйл гараад тэр газар луу утас цохисон бол тэр байдлыг өөрийнхөө сайт дээр бүү гаргаарай! Монголын сайтуудыг туршиж үзсэн бол гадаадаас захиалга хий: Amazon.com. гм. Товчхондоо 1000 сонсохоор 1 үз!
Сэтгэл зүй
Шууд амжилтанд хүрэхгүй гэдэгтэй эвлэр! Танай POS-оор хийдэг борлуулалтын 1%-д ч хүрэхгүй байх өндөр магадлалтай. Өндөр хүлээлттэй орж өөрийгөө хүнд байдалд оруулах хэрэггүй. Гэхдээ энэ бол ирээдүй гэдэгт итгэлтэй байж болно.
Санхүүгийн зөв бүртгэл, бараа бүтээгдэхүүний иж бүрэн танилцуулга
Excel дээр барааны мэдээллээ хөтөлдөг (өөрөө хөөрхөн формат зохиосон), эсвэл санхүүгийн програмтай, за бүр ERP-тай ч байсан барааны нэрний стандарт бүхий дэлгэрэнгүй танилцуулгатай газар Монголд тун цөөхөн байдаг. Тиймээс та яг одооноос эхлэн барааны мэдээллээ зөв стандартын дагуу болгох тал дээр онцгой анхаарал хандуулаарай. SKU код гэж юу вэ? Barcode гэж юу? Нэр ямар байх ёстой, барааны хувилбаруудыг яаж бэлдэх ёстой гэх мэт бүх ойлголтыг интернетээс хайж үзээрэй. Мөн чанартай зураг гэж юу болох, бүх барааны зураг авалт зэргийг одооноос эхлүүлээрэй. Дотоод код өөрсдөө бараандаа өгөх бол кодлох стандартыг үзээрэй.
Хэрвээ та анзаарсан бол гадаад онлайн шопууд бараагаа нүдэнд харагдтал зургийг нь авч (360 фото видео ч байдаг болсон) тайлбарыг нь хэдэн хуудас дүүрэн бичсэн байдгийг мэдэх байх, харин Монголд гарчиг, үнэ, жижигхээн тайлбар л (энэ нь алдаг оног) байдаг. Энэ бол таны анхаарах үндсэн том ажлын нэг бөгөөд санхүүгийн програмд зөвхөн үнэ, код байхад л хангалттай байдаг бол онлайнд тийм биш, байж болох бүхий л дэлгэрэнгүй мэдээллийг яг одооноос бэлдээрэй!
Хууль, эрх зүйн мэдээлэл
Ямар нэгэн асуудал гарвал хэн зохицуулах вэ? Хэрэглэгч та хоёрын хоорондын бүх асуудлыг онлайн орчинд үйлчилгээний нөхцөл гэдэг зүйлээр тодорхойлно. Бид өдөр тутам интернет орчинд өөрийн мэдэлгүй маш олон үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч тухайн нэг үйлчилгээг хэрэглэж байдагтай адилхан танай сайтаар үйлчлүүлж буй хэрэглэгчийн бүхий л харьцааг танай үйлчилгээний нөхцөл зохицуулах учиртай.Үйлчилгээний нөхцөлд хүргэлт хийх хугацаа, буцаалт гэх мэт бүх зүйлсийг бүрэн тодорхой болгож өгөөрэй.
3. Хэрхэн бүтээх вэ?
Тодорхой хэмжээний бэлтгэл хангаж чадсан гэж үзвэл хэрхэн онлайн борлуулалтын сувагтай болох вэ гэсэн асуулт гарна. Та бүхний зарим нь өмнө хийлгэж байсан туршлагатай байх, зарим нь анх удаа л хийлгэх гэж байгаа байх. Дараах аргуудаар өөрийн цахим сувгийг нээж болно. Үүнд:
Хувилбар 1 / ӨӨРӨӨ ХИЙНЭ
Хэрвээ танд цаг зав нь байгаад төсөв тань хязгаарлагдмал бол байж болох л сонголт... Та домайн нэр, хост худалдаж аваад Wordpress+woocommerce мэтийн нээлттэй эхтэй програм ашиглан хийж болно. Алхам тутамд тань шинэ асуудал гарна, аль нэг үе шат дээр заавал мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй болно гэдгийг баталгаатай хэлье. Хэрвээ та жижиг хэмжээнд туршиж үзэх байдлаар эхлэх гэж байгаа бол магадгүй, энэ нь зөв сонголт байж мэднэ.
Хувилбар 2 / ПРОГРАМИСТ АЖИЛЛУУЛАХ
Хэрвээ танд аз нь таараад маш сайн програмист олж чадвал (магадлал бага) дажгүй юм хийж болно. Гэхдээ энэ хүн тогтвортой ажиллах бүх нөхцөл нь бүрдсэн тохиолдолд л ажил явах бөгөөд нэг хүнээс маш их зүйл хамаарсан нөхцөл байдал үүснэ.
Хувилбар 3 / ПРОГРАМ ХАНГАМЖИЙН КОМПАНИАР ЗАХИАЛГААР ХИЙЛГЭХ
Зөв тохироод ажлын даалгавраа тодорхой гаргаад явж болох модель ч... амжилттай дууссан ямар төсөл байгаа талаар та өөрөө судлаарай.
Хувилбар 4 / ДЭЛХИЙН ТОП ШИЙДЛҮҮДИЙГ МЭРГЭЖЛИЙН КОМПАНИЙН ТУСЛАМЖТАЙ НЭВТРҮҮЛЭХ
magento.com woocommerce.com sylius.com гэх мэт онлайн худалдааг цогцоор нь шийддэг бэлэн шийдлүүд маш их байгаа бөгөөд эдгээр нь бүгд систем нь үнэгүй (100% үнэгүй гэж ойлгож болохгүй нэмэлт болгон $) тул системээ сайн мэддэг хүн амжилттай ашиглаж болно. Түгээмэл байдаг асуудал нь Монголд төлбөр тооцооны шийдлүүдтэй холбох бэлэн плагин байхгүй тул нэмэлтээр хөгжүүлэлт заавал ордог. Бас эдгээр системүүдийг өнгөцхөн хараад өөрийгөө мэддэг гэж эндүүрдэг маш олон хүн байдаг тул сайн судлаарай гэж зөвлөх байна.
Хувилбар 5 / БЭЛЭН ШИЙДЭЛТЭЙ КОМПАНИЙН ПЛАТФОМЫГ АШИГЛАЖ ӨӨРИЙН БРЭНД ДОМЭЙН НЭР ДЭЭР АЖИЛЛУУЛАХ
Орчин үед "cloud" гэсэн нэртэй та хаа сайгүй тааралдаж байгаа байх. Таны гол анхаарах юм бол худалдан авалт хийхээс өмнө системийг маш сайн үзэж танилцах явдал юм. Энэ тохиолдолд танд технологийн хүний туслалцаа хэрэггүй, хамаг хүчээ зөвхөн борлуулалт маркетингдаа зарцуулах боломжтой. Бас нэг давуу тал нь тухайн платформыг ажиллуулж буй компани туршлагатай болох тусам танд ашигтай. Өөрөөр хэлбэл, таныг хэлсэн хэлээгүй системээ байнга хөгжүүлээд явна гэсэн үг юм.
Яагаад гэдгийг мэдэхгүй, гэхдээ л маш олон хүн ямар ч хууль эрх зүйн харилцаа үүсгэх боломжгүй, ажлын дараах үйлчилгээ байхгүй, тухайн ажил мэргэжлээрээ тууштай ажилладаггүй хувь хүн, хамаатан садан, таньдаг найзаараа хийлгэсэн байдаг нь гайхалтай. Нэгэнт тухайн үйлчилгээ нь албан ёсны бизнес болоогүй, хувь хүний "халтуурын" гэж хэлж болох ажил болдог тул зөвхөн өнгөн талын буюу танд л ажиллаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн зүйл байдаг нь харамсалтай.
Бизнес эрхлэгч та онлайн дэлгүүрээ хийлгэх гүйцэтгэгчдээ ажлын санал тавихын өмнө дараах хэдэн хүчин зүйлийг бодож үзэхийг зөвлөж байна.
- Тууштай байдал / Яг энэ үйлчилгээгээ л хийдэг үү? Энэ ажилдаа үнэнч үү? Хэдэн жил хийж байгаа?/
- Туршлага / Өмнө нь ижил төрлийн асуудал шийдэж байсан уу? Туршлагатай компани маш их цаг, мөнгийг тань хэмнэхээс гадна таны тооцоолоогүй байсан боломжуудыг танд санал болгох, “сонирхогчдын” гэж хэлж болох энгийн алдаануудыг гаргахгүй байх талтай /
- Танд шийдэл санал болгож чадах уу? / Хэрвээ туршлагатай газар бол зүгээр юм хийхээс гадна таны зөвлөх, туслах чинь байж чадна /
- Борлуулалтын дараах үйлчилгээ? / Эхлээд бүх зүйл л сайхан байдаг шүү дээ, дараагийн харилцаа, дараа нь юу болох талаар анхаараарай! /
Вэбсайт хийх нь нэг хэрэг, түүнийг амжилттай ажиллуулах нь магадгүй хийхээсээ илүү нарийн чухал ажил юм.
4. Онлайн худалдааны үндсэн функц иж бүрдэл
Юуны өмнө онлайн худалдааны вэб сайт нь бусад энгийн танилцуулга сайтуудыг бодвол хатуу стандарттай гэдгийг ойлгох хэрэгтэй. Та брошюр, тв реклам хийлгэж байгаатай адил өөрийн хүссэнээр хийх тутам улам их алдах болно. Таны тоглолт хийх талбар бол магадгүй, зөвхөн нүүр хуудас өөрөөр хэлбэл барааны өрөлт юм. Бусад хуудсууд бараг л стандарт болсон гэж ойлгож болно. Онлайн дэлгүүрийг ерөнхийд нь 2 том хэсэгт хувааж үздэг. Ихэнх байгууллагын онлайн худалдааг хариуцсан эрх бүхий хүмүүс зөвхөн өнгө будаг буюу нүүр хэсэгт хамаг анхаарлаа хандуулдаг. Гэвч мөсөн уулын ихэнх хэсэг нь далд байдаг шиг BACKEND (ар талын танай хүмүүсийн ажиллах хэсэг) хэсгийг онцгой анхаарч үзээрэй гэж хүсч байна. Тэндээ бүх үйл ажиллагаа нь зөв бол урд хэсэг ямар ч асуудалгүй ажиллах нөхцөл бүрдэх юм.
Frontend - Хүмүүсийн үздэг вэб сайтын хэсэг
Заавал байх хуудаснууд
- Home / онцлох, хямдралтай, яг одоо цаг үеэс хамаарсан бараанууд /
- Category Page / ямар нэгэн ангилал руу дараад орох үед ажиллах хуудас /
- Product Page / ямар нэгэн барааны дэлгэрэнгүй хуудас, захиалах болон сагсанд хийх боломжтой /
- Search Results / ямар нэгэн бараа хайхад үр дүнг гаргах хуудас /
- Login and Create Account / бүртгүүлэх, нэвтрэх хуудас /
- Profile / хувийн мэдээллээ үзэх, засах хуудас /
- My Order history / захиалгын түүхээ үзэх хуудас /
- Order view / тухайн нэг захиалгыг дэлгэрэнгүй үзэх хуудас /
- Cart / өөрийн сагсан доторх бараануудыг үзэх хуудас /
- Checkout / захиалгын хуудас бөглөх хуудас /
- Төлбөр төлөх хуудас / Ямар төлбөрийн нөхцөл сонгож захиалга хийснээс хамаарч өөр дээрээ эсвэл гуравдагч этгээд рүү үсэрч болно /
- Feedback
- info pages / Бидний тухай, үйлчилгээний нөхцөл, түгээмэл асуулт хариулт, бараа буцаалт гэх мэт энгийн мэдээллийн хуудас /
- Нэмэлт (бизнес тус бүрээс хамаарч өөр өөр байна)
- Брэнд танилцуулсан хуудас / тухайн нэг брэндийг товч танилцуулсан брэндийн барааг харуулсан /
- Ижил барааг харьцуулах хуудас / ихэнхдээ электрон бараан дээр байдаг /
Backend - Ар талын танай хүмүүсийн ажиллах хэсэг
Заавал байх
- Sales Order Management System / захиалгуудыг харах, удирдах, хөтлөх /
- CRM / худалдан авагчийн бүртгэл /
- CMS / барааны мэдээлэл нэмэх хасах, каталог ангилал удирдах /
- Config / Төлбөр тооцооны мэдээлэл, и-имэйлийн загварууд гэх мэт /
Нэмэлт
- Stock Control System ( local or third-party ) / Өөрийн ERP тай холбож ажиллуулах нь хамгийн зөв /
- Promotion and discount code tools / Өөрийн ERP тай холбож ажиллуулах нь хамгийн зөв /
- Delivery management system / хүргэлтийн процессийг хянах /
- Mass sms / only customers /
- Mass email / only customers /
5. Төлбөр тооцооны шийдлүүд
Онлайн худалдаа эрхлэгчдийн хувьд төлбөрийн шийдэл хэсэг хамгийн их санаа зовоосон хэцүү зүйл байдаг юм шиг ойлголттой боловч бодит байдал дээр бараг бүрэн шийдэгдсэн гэж хэлж болохоор асуудал байдаг. Ихэнх хүмүүс манайх Голомтын онлайн эсвэл Qpay л холбочихвол хэрэглэгчдэд амархан болно гэж ойлгоод байдаг ч яг үнэндээ тийм гэхэд хэцүү. Магадгүй, зарим хэрэглэгч дансаар гэж сонгоод дансыг нь харж байгаад гар утсаа гаргаж ирээд дуртай банкаараа (Монголчууд өөрийн хэрэглэдэг банкны аппаа маш сайн ашиглаж чаддаг) шилжүүлэх өөрт нь амар байдгийг үгүйсгэхгүй. Тэгвэл зарим нь social pay-д дуртай байх жишээний (миний хувьд Social pay-д хамгийн дуртай) гэх мэт. Тэгэхлээр тухайн хэрэглэгчийн технологийн боловсролтой хамаатай ойлголт тул тэр нь сайн, энэ нь сайн гэх нь боломжгүй. Харин эдгээр төлбөрийн хэрэгслэлүүд нь танай буюу вэб сайт ажиллуулж буй талд нилээн өөр байдлаар буух тул үндсэн ялгааг нь тайлбарлаж өгье.
Manual payments
- Cash / захиалгыг хүргүүлж аваад баруун зүүн гараараа өгч авалцах, карт уншуулъя гэж ч магадгүй.../
- Bank transfer / Захиалгын дүнг холбогдох дансанд өөрийн чаддаг хэлбэрээр төлнө. Банк орж ч магадгүй, гэхдээ тийм хүн одоо байхгүй гэж найдаж байна../
Auto payments
- Golomt merchant / Голомт картаар төлөх /
- SocialPay wallet / аппаар дамжуулан төлөх /
- TDB merchant / ХХБ картаар төлөх /
- Khaan merchant / Хаан картаар төлөх/
- qPay / Хаан, хэд хэдэн банкны аппаар/
- Monpay / wallet /
- Most Money / wallet /
- Pocket / wallet /
- Lend merchant / wallet /
Гар ажиллагаатай (Manual payments) буюу эхний багананд байгаа төлбөрийн хэрэгслүүд: энэ тохиолдолд нэг хэцүү асуудал нь заавал нөгөө хүнтэй нэг холбогдох ажил гарна, эсвэл нөгөө хүн би төлбөрөө төлчихсөн гэж танайх руу залгана, за тэгээд төлбөрөө зүгээр л Цэцгээгээс гээд хийчихвэл захиалгатай нь тулгах хэрэгтэй болно. Захиалгыг нь олсны дараа захиалгын програм дээрээ заавал гараар төлсөн төлөвт оруулж дараагийн алхам руу шилжүүлнэ, үүнийг танай ажилтан механикаар хийнэ гэсэн үг юм.
Автомат (Auto payments) буюу дараагийн багананд байгаа төлбөрийн хэрэгслүүдийн эхнийхээс ялгаатай гол зүйл нь: хэрвээ захиалагч төлбөрөө амжилттай төлсөн бол та бүхэн дээрх олон алхамыг хийхгүй, танайд төлбөр нь төлөгдсөн баталгаажсан захиалга болж орж ирнэ, та бүхэн зөвхөн барааг бэлдэж хүргэлтэнд гаргах ажлаа л хийнэ гэсэн үг.
Аль нь зүгээр вэ? Онлайн худалдаа өндөр хөгжсөн газар эхний төлбөрийн нөхцлүүд угаасаа байдаггүй, харин Монголд нийт захиалгын 70% + нь эхний багананд байгааг сонгож харагддаг. Энэ нь хүмүүс сураагүй эсвэл өөрийн чаддаг аргаар төлөх гэх мэт олон шалтгаантай байж болно. Тиймээс та өөрийн хэрэглэгчдийн талаар судалж байж шийдвэрээ гаргах нь хамгийн зөв болов уу.
Нэмэлт: Монголд картаар төлөх нөхцөл е-пин код (ATM-код биш) гэж нэмэлт зүйл байдаг бөгөөд заавал авсан байх шаардлагатай тул сайт дээрээ энэ талын заавар анхааруулгыг сайтар байршуулна уу! Ийм кодгүй хүн төлбөрөө төлж чадахгүй.
Бонус мэдээлэл: Хэрвээ та Amazon болон бусад том хэмжээний сайтуудаас захиалга хийж үзсэн бол захиалга баталгаажуулах товч дээр дарж захиалга хийсний дараа таны данснаас шууд мөнгө хасагдахгүй байгааг анзаарсан байх. Таны захиалгыг хүлээн авч шалгах процессийн дагуу шалгалтаа явуулж (үлдэгдэл байгаа эсэх, энэ хаягт хүргэж чадах эсэх... гэх мэт) жинхэнэ баталгаатай болсон тохиолдолд л таны данснаас мөнгөө татах болно. Яагаад ингэж чадаж байгааг энгийнээр тайлбарлавал таны картын мэдээллийг amazon өөр дээрээ хадгалж байгааг санах хэрэгтэй. Тиймээс өөрсдөө хүссэн үедээ л танаас төлбөрөө авах болно.
Монголын төлбөр тооцооны асуудлын ерөнхий ажиллах модель нь арай өөр бөгөөд төлбөр төлөх процесс тухайн сайт дээр бус гуравдагч вэб болон апп дээр болдог. Өөрөөр хэлбэл сайт зөвхөн төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэж холбогдох банк руу илгээдэг гэсэн үг. Гуравдагч төлбөрийн хэрэгсэл дээр төлбөр амжилттай хийгдвэл буцаж системд мэдэгдэх зарчмаар ажилладаг. Онлайн төлбөрийн хэрэгсэл сонгож байгаа бүх хүний захиалга амжилттай болно гэсэн баталгаа байхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч үйлчилгээн дээр яаж ч бүтэлгүйтэж болно.
Гуравдагч систем дээр хүний төлбөр төлөх хугацаа (ихэнх нь 10 минут хүлээдэг) болон аль хэсэгт явж байгааг сайт мэдэх боломжгүй байдаг тул яг энэ 10 минутын дотор оффлайнаар тухайн бараа зарагдаж үлдэгдэлгүй болох эсвэл өрсөж хүн захиалах гэх мэт эрсдэл гарч болно.
Эндээс танд ойлгуулах гэсэн зүйл бол Монголын аль ч сайт хэрэглэгчийн картын мэдээллийг сайт дээрээ хадгалдаггүй, мөн автоматаар татах тухай ойлголт байдаггүй тул энэ хооронд алдаа гарах магадлал өндөр байдаг. Онлайн худалдааны хэрэглээ тийм ч их биш байгаа, мөн ихэнх захиалга дансаар төлөгдөж байгаа болохоор энэ асуудал одоохондоо хөндөгдөөгүй байгаа гэж хэлж болно. Миний бодлоор онлайн худалдааг хойш татаж байгаа бас нэг зүйл бол худалдан авалт хийх бүрдээ банк руу үсэрч картын мэдээлэл шивэх, эсвэл QR код уншуулж пин код оруулах, эсвэл царайгаа харуулж нэг үйлдэл хийх хэрэгтэй болдог. Гэтэл amazon бол сагс руу нэг хийнэ, тэндээсээ нэг дараад л болоо, өөр юу ч хийхгүй. Үндсэн том зарчмын ялгаа нь ердөө л энэ.
6. Хүргэлтийн асуудлаа яаж шийдэх вэ?
Өөрсдөө / гар аргаар
Энэ тохиолдолд зүгээр дотоод хүргэлтийн процесс дүрэмтэй болохыг санал болгож байна. Тэгээд мэдээж ойлгомжтой захиалгын хуудсаа хэвлэж аваад гарна гэсэн үг.
Өөрсдөө / хяналтын програмтай
- Хүргэлтийн ажилтны апп
- Хяналтын хэсэг
Энэ тохиолдолд цаас хэрэггүй ажилтан өөрийн хүргэх захиалгаа гар утаснаас харж хүргэгдсэн төлөвт шилжүүлээд явна гэсэн үг.
Гуравдагч компани
- Delko.mn
- mex.mn
- kgbls.mn
- mongolpost.mn
гэх мэт энд дурдаагүй зөндөө шийдэл байж болно.
7. Ямар хүний нөөц хэрэгтэй вэ?
Онлайн худалдааны сайт бол ганц хүн гараасаа гаргаад байх ажил биш бөгөөд багийн ажиллагаа маш чухал. Захиалга удирдах, хөтлөх, барааны мэдээллийг нэмж хасах, каталог ангилал удирдах, төлбөр тооцооны хэсгээс удирдах гээд энэ бүх хэсгийг ажиллуулахад хүн хэрэгтэй. Гэхдээ тийм олон биш.
1-рт: Бүх захиалгыг хүлээн авч, зохицуулалт хийх үүрэгтэй захиалгын менежер (шоп менежер)
Борлуулалт, харилцагчийн захиалга удирдах систем дээр түлхүү ажиллана. Захиалгын менежер захиалгыг хүлээн авахаас эхлээд хүргэлтэнд гарах хүртэлх харилцагчийн системийг удирдаж, бараа бүтээгдэхүүний мэдээллийг нэмж хасах, каталогийн ангиллыг удирдах ажлыг хийнэ. Жишээ нь: Дансаар төлбөр шилжүүлэх захиалга орж ирвэл тухайн хэрэглэгч рүү залгаж ийм дугаартай захиалга хийсэн байна. Төлбөрөө ингэж төлөөрэй. Эсвэл та гүйлгээний утган дээрээ Цэцгээгээс гээд бичсэн үү гэх мэт захиалга хийхэд гарах бүх асуудлуудыг зохицуулна. Цөөн тооны захиалга, бүтээгдэхүүнтэй газар шоп менежер 1 байхад хангалттай. Магадгүй, шоп менежерийг та өөрөө ч хийж болно.
2-рт: Захиалгын мэдээллийг нягтлаад хүргэлтийн ажилтанд хүлээлгэж өгөх хүн буюу агуулахын менежер (танай байгууллагын нярав, нягтлан гэж ойлгож болно.)
Агуулахын менежер нь захиалгын менежерийн бэлэн болгосон захиалгыг нягталж шалгаад захиалгыг гаргах эрх бүхий хүн. Өөрөөр хэлбэл хүргэлтийн ажилтанд 10 боодол маск, 10 ширхэг гар ариутгагч гэх мэтээр тоо ёсоор хүлээлгэж өгөх чухал үүрэгтэй. Агуулахын менежер хүргэлтийн ажилтанд бараагаа хүлээлгэн өгөөд backend хэсэгт “Хүргэлтэнд гарсан” төлөвт захиалгыг шилжүүлснээр хэрэглэгч өөрийн захиалсан бүтээгдэхүүнийг хүргэлтэнд гарсан тухай мэдэж авах боломжтой болно. Монголд бол зарим газрууд хүргэлтэнд гарсан эсэх нь тодорхойгүй байснаа гэнэт "танай хаягаар ирчихлээ, эсвэл, очиж байна эгчээ" гэх мэтээр албан бус хандах тохиолдлууд түгээмэл байдаг. Зарим газруудад хүргэлтийн төлөв байдаг ч тэр нь бараа ирсний дараа хүргэлтэнд гарлаа гэж мэдэгдэх зэрэг алдаа гаргадаг. Мэдээж үүнд менежер чухал үүрэгтэй.
3-рт: Харилцагчийн бараа бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн гарт нь хүргэж өгөх эрх бүхий хүргэлтийн ажилтан
Онлайн худалдаа эрхлэгчид хүргэлтийн ажилтанд онцгойлон ач холбогдол өгдөг. Тэгэх ч учиртай. Зарим хүмүүс өөрсдөө эсвэл гэр бүлийн хүнээрээ хүргэлтийн ажилтан хийлгэдэг бол зарим нь мэргэжлийн албан ёсны гуравдагч байгууллагатай гэрээ хийж энэ ажлыг даатгадаг. Аль нь ч байсан хүргэлтийн ажилтан бараа хүлээн аваад тогтсон цаг хугацаанд хүргэж өгөх нь хэрэглэгчийн сэтгэл ханамжинд чухал үүрэгтэй. Тиймээс ч өндөр ач холбогдол өгөхөөс аргагүй. Хүргэлтийн ажилтан бараагаа хүргэж өгөөд хүргэлтийн апп эсвэл өөр ашигладаг сувгаараа дамжуулан бараа хүргэгдсэн тухай мэдэгдэнэ. Үүний дараа хүргэлт амжилттай болсон имэйл болон мсж хэрэглэгчид тэр дор нь очиж байвал хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байхаас гадна нэг захиалга амжилттай хаагдана.
Товчхондоо дээрх 3 төрлийн үүрэг бүхий хүмүүс танай багт хэрэгтэй бөгөөд том хэмжээний компани, жижиг дунд хэмжээний онлайн худалдааны сайтаас хамаарч захиалгын, агуулахын, хүргэлтийн менежерүүд хэд ч байж болно.
Жижиг газруудад менежер болон хүргэлтийн ажилтан гэсэн хоршил ч байж болно.
8. Дүгнэлт
Дэлхий даяар онлайнаар хийгдэж байгаа худалдан авалт, хэрэглэгчдийн тоо, дүн, тоон баримтууд тогтмол өсөлттэй байдаг. Харин Монгол улсад онлайн худалдааг хөгжүүлэхэд өнөөдрийн байдлаар тулгарч байгаа хүндрэлүүдийг тодорхойлон хүргэж байна.
Үнэ
Монгол улс өөрөө үйлдвэрлэгч орон биш, хэрэглэгч орон гэхэд буруудахгүй. Дийлэнх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ импортоор оруулж ирдэг. Харин үйлдвэрлэгч орнуудад онлайн худалдаа нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ илүү олон хүнд хүргэх борлуулах боломжийг олгож байна. Америкт бодит дэлгүүр ажиллуулах нь онлайн дэлгүүр ажиллуулахаас илүү зардалтай байдаг. Учир нь байрны түрээс, худалдагчийн цалин... гэх мэт. Тийм учраас онлайн дэлгүүр нь илүү хямд үнээр бараагаа хэрэглэгчид хүргэх боломжийг олгодог.
Харин Монголд дээрх бараа хэрэглэгчид хүрэхийн тулд гааль, тээвэр, ашиг зэргээ нэмээд (хэдийгээр албан ёсны дистрибьютер ч гэсэн) гадны онлайн дэлгүүрийн үнэтэй өрсөлдөхөд хэцүү болдог.
Сонголт
Онлайн худалдааны бас нэг хойш татаж байгаа зүйл нь барааны сонголт. Хэрэглэгч олон төрлийн бараанаас өнгө загвар, үнэ чанар гээд олон шалгуураар өөртөө тохирсон бараагаа сонгохыг хүсдэг. Харин Монголд тэр сонголтуудыг хараахан өгч чадахааргүй байна.
Баталгаатай платформ
Хэрэглэгч Amazon, Ebay, Taobao, Alibaba зэрэг итгэлтэй платформоос худалдан авалт хийхээс эргэлздэггүй. Учир нь эдгээр платформууд бараа бүтээгдэхүүний чанарыг батлах, мөн хэрэглэгчдийн эрсдлийг хаах олон төрлийн шалгуур, даатгалын системтэй байдаг учраас бараа үйлчилгээний чанарт болон мөнгөө алдах эрсдлээс төдийлөн айдаггүй. Өнөөдөр Монголд энэ орон зайг эзлэхээр олон платформууд ажиллаж байгаа хэдий ч хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж зах зээлд давамгайлсан платформ одоогоор гарч ирээгүй л байна.
Найдвартай хүргэлт
Онлайн худалдааны хамгийн чухал хэсгийн нэг бол хүргэлтийн асуудал. Одоогоор Монголд шуудан, хаягжилт хангалттай сайн хөгжөөгүй байдал нь хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлэхэд тодорхой саад болж байгаа ч газар нутгийн хүрээ жижиг учир хүргэлт хийх нь төдийлөн хүндрэлтэй биш. Хотын төвөөр хүргэлтийг амжилттай шийдвэрлэж байгаа бизнес үйлчилгээнүүдийн жишээ нь хоол хүргэлт (пицца) байна. Харин хотын зах болон хөдөө орон нутагт хүргэлтийн үйлчилгээ бага байгаа нь шинэ хэрэглэгч олж авахад хүндрэл үүсгэж байна.
Ингээд таны онлайн дэлгүүрээ нээх их ажилд тань амжилт хүсье! Танд бяцхан ч гэсэн хэрэг болсон бол share хийж бусад бизнес эрхлэгч найзууддаа түгээгээрэй! Мөн манай хуудсанд LIKE дарж бидэнтэй нэгдэж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой шүү!