Вэб сайт бол бизнесийн байгууллагуудын хувьд дижитал орчин дахь нэг салбар нь бөгөөд бизнесийн салбар, онцлогоос хамаарч өөр өөрөөр хийлгэдэг. Миний бие энэ удаад та бүхэнд вэб хийлгэж буй хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаануудын нэг болох вэб сайтынхаа талаар өгдөг хамгийн ойлгомжгүй, хийх боломжгүй feedback буюу саналуудын талаар танилцуулах болно. Вэб хөгжүүлэгчид болон төслийн менежерүүдийн хамгийн их сонсдог, авдаг саналуудыг доор жагсаая.
1. Вэб сайтаа нэг тийм арай гоё болгомоор байна.
Хэмжиж болохгүй хамгийн нийтлэл хүсэлт :) Таны гоё бол зөвхөн таны сэтгэлд л байгаа тул та тэрийгээ дүрслэн жишээтэй цуг хэлээрэй. Эсвэл зураг хавсаргаж болно.
2. Загварлаг, ойлгомжтой.
Загвар өнгө, гоо зүйн мэдрэмж нь хүн бүрийн хувьд өөрөөр байдаг. Жишээ нь хамгийн сүүлийн тренд болох минимал хэдэн том текст бичихэд л нүдээ том болгож ирээд гайхаж харна шүү дээ... Тэгээд таны гоё аль вэ гэхээр 2000 оноос хойш бараг шинэчлэл хийгээгүй нэг сайт байж байх жишээний....
3. Энэ өнгө, загвар уйтгартай байна.
Уйтгартай... Та нэг сайтруу ороод өө энэ уйтгартай сайт байна үзэхээ болилоо гээд гараад явж байсан уу...? Ер нь хэрэгтэй мэдээлэл нь байгаад зөв мэдээллээ өгч чадаж байвал зорилгоо биелүүлж байна гэж бид үздэг. За яг яаж хөгжилтэй шинэлэг болгох вэ? MUST TO HAVE аа хийгээгүй байж NICE TO HAVE бодоод ч хэрэггүй гэж зөвлөх байна.
4. Ороход зэвүүн мэдрэмж өгүүлмээр байна.
2000 оны эхэн үед вэб сайт руу ороод мэдрэмж авдаг үе байсан шүү... Гэхдээ одоо зүгээр л хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээ авах гэж л ордог. Юун мэдрэмж зүгээр л завгүй ажил хэрэгч надад алдаагүй хэрэглэхэд амар мэдээллээ бүрэн өгчих юм бол би жинхэнэ мэдрэмж авна. Хэрэглэгч нэг сайт руу ороод дунджаар 1.5-3 хуудас л үздэг судалгааг байдаг. Тэгэхээр мэдрэмж авахаар удаан суухгүй гэдгийг хэлье.
5. Энэ ерөөсөө биш юм байна. Өөр гоё болгоё.
За тэгье өөр болгий... Дахиад л энэ ерөөсөө биш юм байна. Өмнөх нь дээр байж гэх мэт. Юу хүсч байгаагаа та эхлээд өөрөө маш сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ та юу хүсч байгаагаа мэдэхгүй ямар ч мундаг дизайнер, програмист танд туслаж чадахгүй.
6. Надад энэ таалагдахгүй байна. Эсвэл манай захиралд таалагдахгүй байна.
За энэ бол танай сайт амжилтгүй болох магадлал 90%+ болоод явчлаа гэсэн үг. Вэб сайт бол таны хувьдаа авч байгаа гар утас шиг бүтээгдэхүүн биш. Хэрвээ та гар утас авч байгаа бол ёстой өөртөө хамгийн таалагдсанг авч болох юм. Хүмүүс яагаад зөвхөн таны л гоё гэж бодсон зүйлийг үзэх ёстой гэж....?
7. Ер нь нэг тийм гоё болгомоор байна.
Ер нь юу гэмээр ч юм дээ...
8. Тасархай гоё.
Тасархай болох бол процесс л гэж хэлье... Хорвоогийн бүх зүйл л тэгж явдаг. Шууд тэрэн шиг болгоё, энэ шиг болгоё бараг худал. Яахав тийм юм шиг харагдаж бол болно. Сануулахад вэб зөвхөн харагдах байдал биш шүү....
9. Та нар чинь мэргэжлийн хүмүүс юм чинь мэргэжлийн үүднээс хийгээд өгөөрэй. гэх мэт
Мэдээж саналаа хэлж сайжруулах нь зөв. Гэхдээ таны дотроо юуг гоё сайхан гэж харж байгааг тааж мэдэх боломжгүй учир цаг хугацаа, эдийн засгаа хоосон үрэхгүйн тулд саналаа өгөхөө өмнө доорх зүйлсийг анхаараарай.
Хэрэв та вэб хийлгүүлж байгаа эсвэл хийлгэхээр төлөвлөж байгаа бол вэб хөгжүүлэгчдээ саналаа өгөхдөө таны өгч байгаа feedback хийж буй хүндээ ойлгомжтой байна уу, тодорхой байна уу, хэмжигдэхүйц байна уу гэдгийг имэйлээ явуулахаасаа өмнө нэг сайн уншаад нягтлаад үзээрэй гэж зөвлөе. Хүн болгонд таалагддаг өнгө, загвар дизайн гэх мэт зүйлс харах өнцөг, мэдрэмжээс хамаарч өөр байдаг учраас саналаа өгөхдөө өөртөө таалагдсанаар өгөхөөс зайлс хий. Тэгээд миний хийлгэж буй вэбээр ямар хүн үйлчлүүлэх билээ, тэдгээр хүмүүст аль мэдээллээ харуулах нь чухал билээ, бүх зүйлээ сайтдаа оруулах уу, чухал онцлох бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах уу гэх мэтээр олон талаас хараарай. Үүн дээр нэмж хэлэхэд хамгийн чухал нь мэргэжлийн байгууллагынхаа заавар зөвлөгөө сонсож хамтран хийх нь таны хийлгэж буй төслийг амжилттай болгоход маш чухал нөлөөтэй.
Вэбийн үйлчилгээ авч буй газруудын хамгийн их ач холбогдол өгдөг зүйл бол вэб дизайн байдаг. Очихоор хөдөлдөг, өнхөрдөг, томордог, өнгө нь солигддог гэх мэт. Гэтэл эдгээр зүйлс дэлхийн нийтийн чиг хандлагад бараг байхгүй болж буй ойлголт юм. Учир нь гар утас маш олон зүйлийг орлож, вэбийн хэрэглээг маш их өөрчилсөн бөгөөд ихэнх хүмүүс зөвхөн мобайлаар үздэг болсон энэ үед вэб дизайн ярих нь цаг үрсэн хэрэг болно. Харин үүний оронд вэбээр зочилж буй хэрэглэгчдэд аль бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ түрүүлж харуулж, борлуулалтад хөтлөх вэ гэдгээ хөгжүүлэгчтэйгээ ярилцвал илүү үр дүнтэй. Дээр дурдсанчлан нэг тийм гоё, арай өөр гэх мэтээр санал өгөх нь таны болон хийж буй хүний цагийг маш их үрэх бөгөөд тодорхой бус, ойлгомжгүй учраас яаж ч хийсэн танд таалагдахгүй байх магадлалтай өндөртэй. Магадгүй та хүсч байгааг зүйлээ ойлгуулахын тулд хэчнээн имэйл бичижцэж, очиж уулзаж, түгжирч цагаа алдахыг хэлж мэдэхгүй.... Тэгэхээр маш энгийнээр 7-н буудлын Должин эмээ танай вэбийг ашиглаж чадаж байна уу, гар утас дээр уншихад эвтэйхэн байна уу, гэдгийг л анхаарах хэрэгтэй. Үүнээс хойш зөвхөн UX (User Experience) дээр л хамаг анхаарлаа хандуулах нь зөв гэдгийг олон вэбийн төсөл дээр ажиллаж байсны хувьд та бүхэнд зөвөлж байна.
- ЖИЧ:Саналаа илгээх хамгийн сайн арга бол өөрийнхөө хэлэх гэсэн санааг зургаар баримтжуулах, энэ хэсгийг дараах сайтын энэ хэсэг шиг гэж тухайн өөр сайтынхаа линктэй, зурагтай илгээх юм шүү.