“Cloud Computing” буюу манайхан “үүлэн тооцоолол” гэж зарим нь орчуулах болсон ойлголтыг тайлбарлан хүргэж байна.
Ихэнх хүмүүс үүнийг тэнгэрт байдаг ямар нэг шидтэй зүйл гэж ойлгодог. Нийслэлийн ИТ-ийн нэгэн хуралдааны үеэр IT-гийн төслийн талаар хэлэлцэхэд нэгэн эрхэм Э.Бат-Үүл даргыг албан тушаалаа ашиглан төслийн нэрэнд өөрийн нэрийг оруулсан байна гэж хардаж байсан тохиолдол гарч байсан гэдэг.
Анхнаасаа инженерүүд байгууллагынхаа дотоод сүлжээний диаграмыг зурахдаа “интернэт” сүлжээг ийм үүлний дүрсээр илэрхийлдэг байв. Өөрөөр хэлбэл өөрсдийн хяналтны гадна орших, бүтцийг нь мэдэхгүй, тодорхойгүй сүлжээг “үүлний цаана орших бүс” хэмээн ингэж дүрсэлдэг байсан юм.
Харин Cloud computing гэдэг шинэ ойлголт нь дэд бүтцийн томоохон компаниудын (Amazon, Microsoft, Google гэх мэт) хаа нэг газар байрлуулсан үлэмж хэмжээний багтаамжтай компьютер, санах байгууламжаас тодорхой хэсгийг байгууллага, хувь хүмүүс түрээслэн ашиглах болсныг хэлж байгаа.
Дээрх түрээслэх дэд бүтцийн хаана байрлаж байгаа, ямар бүтэц, ажиллагаатайг тухайн компаниудаас өөр хэн ч мэдэхгүй, мэдэх ч шаардлагагүй бөгөөд интернэт холболттой байхад л хандаж хэрэглэж болдог тул “үүл” гэсэн нэр томъёог ашиглах болсон байна.