Бизнесийн шинэ эрин үе: Дижитал бизнес

2017-05-04

Интернет болон технологийн хөгжил нь бидний мэдэх уламжлалт бизнесийн загварыг шинэчлэн өөрчилж, интернэт, е-бизнесийн цоо шинэ эрин үеийг авчирсан. Гэтэл энэхүү өндөр хурдацтай хөгжил нь бизнесийн өөрийн хөгжил өөрчлөлтөөс хэт түргэн явагдаж байгаа ба энэ нь бизнесийн шинэ загвар, дараагийн шинэ үеийг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлж байгаа тухай судалгаануудад өгүүлэгдсэн байна. Өнөөдөр дэлхий дахинд бизнесийг явуулах арга зам, хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэйгээ харилцах харилцаанд дижитал хэрэгсэл, технологиуд маш их нөлөөлөх болжээ. Энэ талаар Америкийн мэдээлэл, технологийн тэргүүлэгчдийн нэг "Гартнер" компанийн дэд ерөнхийлэгч Жорж Лопез (Lopez, 2014) "Форбес" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "2020 он гэхэд дэлхий даяар 7 тэрбумаас илүү бизнес болон хүмүүс, 30 тэрбумаас дээш төхөөрөмж интернетэд холбогдох бөгөөд энэ үед хүмүүс, бизнесүүд нь хэрхэн хоорондоо холбогдож, харилцах нь цоо шинэ эринд буюу дижитал бизнест шилжих болно" гэжээ.

Дижитал бизнес гэдэг нь орчин үеийн бизнесийн загварыг хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчдийн хандлага болон шинэ технологийн хөгжилд тааруулж дижиталжуулсан, илүү үр өгөөжтэй, тааламжтай болгосон бизнесийн загвар гэж тодорхойлогдож байна. Бизнесүүд энэхүү дижитал бизнесийн эрин үе рүү тэмүүлэх явцыг дижитал бизнесийн хувьсал, өөрчлөлт, дижитал хөгжил хэмээн нэрлэж байна. Дижитал бизнесийн хөгжлийн глобал төвийн захирал Майкл Уэйд (Wade,2015)  “Дижитал бизнесийн хувьсал гэдэг нь дижитал технологи болон бизнесийн загваруудыг ашиглах замаар гүйцэтгэл, үр өгөөжийг сайжруулах зорилготой, байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлт юм” хэмээн тодорхойлжээ. Аливаа компани, байгууллага бусадтай хөл зэрэгцэн, дижитал технологийг бизнестээ нэвтрүүлэхгүй бол өрсөлдөх чадвар, зах зээлд эзлэх байр сууриа алдах зэрэг эрсдэлтэй тулгардаг байна. Жижиг дунд бизнесийн хувьд дижитал технологийг нэвтрүүлэх нь өндөр үнэ өртөгтэй тул зах зээлд байр сууриа эзэлсэн томоохон акулуудад идүүлэх нь бүр энгийн үзэгдэл болох шинжтэй. Энэ эрсдэлд харилцаа холбоо, банк санхүү, худалдаа арилжаа зэрэг зарим салбарын бизнес бусад салбарыг бодвол илүү их өртөж байгааг судалгаанаас харж болно. Иймээс бизнесүүд үр ашгаа нэмэхийн зэрэгцээ эрсдлээс гарах, хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ дижитал технологиудийг нэвтрүүлж, түүнд суурилсан бизнесийн загвараа хөгжүүлж, улмаар түүний үр ашгийг ойлгох нь нэн шаардлагатай болж байгаа юм.

Нэгэн баримтыг авч үзвэл, 2003 онд Blockbusters компани нь Америкийн кино прокатны хамгийн том сүлжээ байгууллага байсан боловч шинэ технологийг нэвтрүүлэх, зохион байгуулалтандаа өөрчлөлт шинэчлэлт хийх эрсдэл, сорилоос хол байсан нь тус компанийг өрсөлдөх чадваргүй болгож, улмаар 2010 онд дампуурснаа зарласан байна (Harress, 2013). Харин үүнтэй ижил төстэй кино, телевизийн үйлчилгээ үзүүлдэг Netflix компани нь бизнес дахь дижитал технологийн үр өгөөжийг ойлгон, 2013 онд өөрчлөлт хийж, гишүүнчлэлтэйгээр өөрсдийн кино, телевизийн материалыг уламжлалт зурагтаас гадна ямар ч гар утас, таблет, компьютераар хаанаас ч, хэзээ ч орж үзэх боломжийг олгосон байна (Netflix, 2016). Ингэж уламжлалт бизнесийн загвараа өөрчилж, түүнийг дижиталжуулж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж чадсанаараа Netflix компани хэрэглэгчдийн хүсэлт, хүлээлтийг хангаж, өнөөдөр дэлхий даяар 93 сая гишүүнчлэлтэй, дэлхийн арван том энтертайнмент компанийн нэг болж чадсан байна (Lesemann, 2016).

Дижитал бизнес чухал болсон өнөө үед түүнийг хэрхэн хөгжүүлэх, ямар арга зам байгаа талаар бизнесүүд сонирхож, асууцгааж байна. Энэхүү асуултанд судлаачид эхлээд чиглүүл, хөрөнгөө  оруул, удирд гэсэн гурван үе шатыг санал болгож байна (MIT center for digital business and capgemini consulting, 2011). Юуны түрүүнд байгууллагын удирдлагын хувьд дижитал өөрчлөлтийг санаачлан, дижитал бизнесийн алсын харааг чиглүүлэн жолоодох нь нэн чухал юм. Алсын харааг бодит үр дүнтэй болгохын тулд бизнесүүд өөрсдийн ур чадвар, чадавхи, эдийн засгийн боломжид үндэслэн хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь хийх хэрэгтэй. Дижитал бизнесийн өөрчлөлтийг өөрийн алсын хараанд хэр нийцэж, үр дүнтэй явж байгаа эсэхийг байгууллагын удирдлагын зүгээс байнга хянаж, зохион байгуулж удирдах нь чухал ажээ.

Дижитал бизнесийг санаачлан чиглүүлэх, алсын харааг тодорхойлох нь дижитал бизнесийн ирээдүйн суурь үндэс болох тул анхнаас нь зөв үнэлж, дижитал стратегийг тодорхойлох нь зүйтэй (World economic forum, 2016). Тиймээс байгууллагын удирдлагын зүгээс бизнесийн үнэ цэнийг тодорхойлж, түүнийгээ бусдад ойлгуулан таниулах хэрэгтэй юм. Зарим компани одоогийн нөөц боломж, ур чадвараа шилжүүлж, хөгжүүлэхийн оронд тэр чигээр нь өөрчлөлт оруулах тохиолдол байдаг бөгөөд энэ нь тооцоолоогүй эрсдэлийг авчирч, цаашид дампуурах нөхцөл байдалд хүргэж болох аюултай байдаг байна. Дэлхийн эдийн засгийн чуулганы баримтанд (World economic forum, 2016) дурдахдаа бизнест үнэ цэнэ авчрахгүй байгаа компанийн нөөц, боломжуудыг дижиталжуулах замаар буцаан авчрах нь чухал бөгөөд ямар хөрөнгө ирээдүйд илүү ашигтай байх, хэрхэн худалдаа үйлчилгээ, борлуулалтыг ямар сувгаар хийх, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээний агуулгыг хүргэх, түүнд дижитал технологи хэрхэн холбогдох, хэнтэй ямар цар хүрээнд хамтран ажиллах, ямар брэнд шошгыг санал болгох, хэрэглэгч үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн харилцах, тэднийг таних, компанийн ямар соёлыг хөгжүүлэх зэрэг талаар зөв суурьтай шинжилгээ хийх хэрэгтэйг тэмдэглэжээ.

Өөрчлөлт өөрөө бий болохгүй тул дараагийн шатанд дээрх суурь судалгаа шинжилгээнд үндэслэн хөрөнгө оруулалт хийх нь чухал ба үүний тулд хөрөнгө оруулалтын хэрэгцээг ойлгох, болзошгүй эрсдэлийг удирдах, өөрчлөлтүүдийг бодит болгох шаардлагатай юм. Хөрөнгө оруулалтыг гадаад ба дотоод хүч, ур чадвар, туршлагатай нөөц бололцоо, бизнесийн алсын харааг хөгжүүлсэн санаачлагуудад хийх нь илүү тохиромжтой байдаг байна. Үүний тулд “бизнесүүд аливаа нөхцөл бололцоог үнэлэх, түүнд оруулах эрсдэлийг сайн ойлгох хэрэгтэй” гэж дэлхийн эдийн засгийн чуулганд (World economic forum, 2016) онцолсон байна. Тиймээс бүх санаачлагыг алсын хараатай хослуулан зураглан, түүнд хүрэх зам бүрийг төлөвлөж, түүний дагуу явах нь илүү амжилтанд хүрэх үндэс болдог байна.

Гэхдээ бүх зүйлс сайн төлөвлөгдөж, хөрөнгө оруулалт хийгдсэн ч, байгууллагын удирдлагаас бусад хүн алсын харааг ойлгоогүй, түүнд чиглэгдээгүй бол өөрчлөлтийн үр нөлөө буурч, бүтэлгүйтэх магадлалтай юм. Иймд удирдлагын зүгээс дижитал өөрчлөлтөнд зөв зохистой зохицуулалт, зохион байгуулалт, гүйцэтгэлийн үнэлгээ, урамшуулал дээр тулгуурласан тууштай оролцоо зайлшгүй хэрэгтэй (World economic forum, 2016). Энд байгууллагын дотоод харилцаа чухал үүрэгтэй бөгөөд судалгаанаас үзэхэд уламжлалт аргаас илүү хялбар, үр дүнтэй харилцааны хоёр аргыг дурдсан  байдаг. Нэгд, уламжлалт шаталсан харилцааны сувгаас илүү нийт байгууллагыг хамарсан өргөн хүрээний мэдээлэл, мэдэгдлийг е-мэйлээс гадна өөрийн веб, нийгмийн сүлжээ, видео хурлаар явуулах боломжтой. Хоёрт, мэдээлэл нь нэг талыг барьсан нэвтрүүлэх хэв загвараар бус янз бүрийн форум, блог ашиглан харилцан яриаг үүсгэснээр шинэ санаа, өөрчлөлтүүд илүү дэмжигдэж, хөгжих боломжтой.

Дижитал бизнесийг хөгжүүлэх дээр дурдсан гурван үе шатыг байнга давтах, харилцан ажиллах замаар дахин шинээр санаачлах, сайжруулах, түүнчлэн цаашдын шинэ төрлийн дижитал технологийн өөрчлөлтийг нэвтрүүлж хэрэгжүүлэх нь дижитал бизнесийн шилжилтийг илүү уян бөгөөд хурдан болгоно гэж судлаачид үзэж байна. Гэхдээ Cisco компанийн судалгаанд (The Wall Street Journal, 2015) өнөөгийн бизнесийн 70 гаруй хувь нь дижитал бизнес рүү шилжих оролдлого хийж байгаа боловч тэдгээрийн зөвхөн 30 гаруй хувь нь л амжилттай байна гэж дурджээ. Тэгвэл дижитал бизнесийн өөрчлөлтийг амжилттай болгохын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ? Дижитал хөгжил гэдэг нь өөрөө шинэ ойлголт, яг тодорхой зааж өгсөн амжилтын нууц, хийх ёстой дижитал өөрчлөлтүүд гэж байхгүй байна. Дижитал бизнес төлөвшиж, амжилттай болоход олон зүйлс нөлөөлдөг. Судалгаанаас үзэхэд (MIT center for digital business and capgemini consulting, 2011) ’юуг’, ’хэрхэн яаж’ гэсэн хоёр зүйлд анхаарах хэрэгтэйг дурджээ. “Юуг” гэдэг нь дижиталын хүчийг хэлэх бөгөөд энэ нь байгууллагын дотоод стратеги болон дижитал нөөц бололцоо, хөрөнгө оруулалт, өөрчлөлтийн хэлбэр зэргээс бүрдэнэ. “Юуг” сайн тодорхойлж эерэг үр дүнг гаргахад удирдлагын анхаарал чухал ажээ. Харин “хэрхэн яаж” гэдэг нь байгууллагын өөрчлөлтийн удирдлагын ур чадварыг хэлэх бөгөөд энэ нь гадаад хүчин зүйлсүүд буюу дижитал алсын хараа, удирдлага, оролцооноос бүрддэг байна. Эдгээр ур чадвар, нөөц бололцоо, байгууллагын соёлыг ашиглан үнэ цэнийг бий болгох замаар дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой.

Ихэнх бизнес тус хоёр хэмжигдэхүүний аль нэгээр мэргэшсэн эсвэл дутуу төлөвшсөн байдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг. Бизнесүүдийг дижитал шилжилтийн төлөвшилтөөр нь шинээр эхлэгчид, загвараар хөөцөлдөгчид, хуучныг баримтлагчид, дижират буюу дижитал элитүүд, мэргэжилтнүүд гэж дөрөв хуваан авч үздэг (MIT center for digital business and capgemini consulting, 2011). Дижитал шинээр эхлэгчид нь уламжлалт байгууллагын нөөц төлөвлөлт, интернэт, е-мэйл зэрэг боломжтой байдаг ч дижиталын өөрчлөлтөнд маш багыг зарцуулдаг. Тэд голдуу дижитал технологийн боломжуудын талаар ойлголтгүй байдаг бөгөөд аливаа өөрчлөлтөнд төлөвлөлт, удирдлагагүйгээр хөрөнгө оруулалт хийдэг ажээ. Дижитал загвар хөөгчид нь аливаа шинэ технологийг нэвтрүүлж, дижиталаар чимэх дуртай байдаг. Тухайн өөрчлөлт шинэчлэлт нь гадна талаасаа гоё харагдах боловч зарим нь ямарч бизнесийн үнэ цэнэгүй, алсын хараагаа зөв тодорхойлоогүй эсвэл ойлгоогүй байдаг байна. Харин хуучныг баримтлагчид нь уламжлалт алсын хараа, удирдлага, оролцоог өндөр түвшинд эзэмшсэн, дижитал технологийн боломжуудын талаар ойлголттой ч хэт болгоомжтой, эрсдэлийг удирдсан шийдвэртэй алхмыг хийхээс зайлсхийдэг. Дижиратууд нь дижитал технологийн үнэ цэнийг ойлгодог, түүнийг хэрхэн өөрсдийн алсын хараа, удирдлага, шинэ бололцоог бүрдүүлэхэд ашиглахыг мэддэг, оролддог, түүгээр өрсөлдөх чадвараа нэмэн хөгжүүлдэг байна. Үүнээс харахад ямар нэгэн дижитал өөрчлөлтийг огт хийхгүй байх эсвэл ямар ч тооцоогүйгээр өөрчлөлтийг хийх нь амжилтгүй болох үндэс болдог байна. Тиймээс “юуг”, “хэрхэн яаж” гэсэн хоёр хэмжигдэхүүнийг бүрэн төгс эзэмшиж, ойлгож чадвал аливаа дижитал бизнесийн шилжилт өндөр амжилттай болох болно (MIT center for digital business and capgemini consulting, 2011) гэж үзэж байна.

Түүнчлэн дижитал бизнесийг хөгжүүлэхэд цаашид анхаарах зүйлсийн нэг бол тухайн бизнесээс гадна түүний хэрэглэгч үйлчлүүлэгчдийг шинжилж судлах, тэднийг мөн ойлгох явдал юм. Учир нь технологийн хурдацтай хөгжлийг давах, түүнтэй зэрэгцэн өсөн хөгжих нь хувь хүмүүсийн хувьд ч хүндрэлтэй байдаг байна. Тиймээс бизнесийн хувьд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, бизнесээ дижиталжуулахдаа хамгийн гол анхаарах зүйл бол хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хүсэлт, хүлээлт болон тэдний боломж чадварыг бодолцож, зөв тохирсон, хосолсон өөрчлөлтийг хийх явдал юм. Тиймээс дижитал бизнесийг хөгжүүлэх талаар хэрэглэгчидтэйгээ харилцах, тэдний санааг сонсох хэрэгтэй бөгөөд орчин үед нийгмийн сүлжээнүүдийн үүргийг ойлгож, түүнийг ашиглаж чадвал амжилтанд хүрэх (Digital Intelligence Today, 2014) боломжтой аж.

Жишээ нь, дэлхийд алдартай бренд болох Burberry 2006 онд брендийн зорилтот зах зээлийг хамгаалахын тулд компанийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийхээр шийджээ. Уг шийдвэрээр компани өөрийн зорилтот зах зээлийг Азийн ихэнх улсууд болон хөгжиж буй орнуудын зах зээл рүү чиглүүлсэн аж. Ингэхдээ Burberry компани шинэ зах зээл дэх үйлчлүүлэгчтэйгээ харилцахын тулд ажилтнууддаа гадаад хэлний мэдлэг олгох сургалт зохион байгуулж, уг орны иргэнийг сонгон ажилд авах, түүнчлэн үйлчлүүлэгчтэйгээ илүү ойр харьцахын тулд нийгмийн сүлжээ ашиглаж эхэлсэн бөгөөд энэ нь дижитал өөрчлөлтийг нэвтрүүлж буй нэг алхам болж өгчээ. Burberry хувцасны компани нь цаашдаа хэтийн зорилгодоо хүрэхийн тулд нийгмийн сүлжээ, аналитик болон гар утас дээр суурилсан олон төрлийн технологийг ашигладаг арга барил руу чиглэсэн ба үүнтэй зэрэгцээд хүний нөөцийн дэд бүтэц нь шинэ техник технологийг ашиглах чадвартай залуу үеийг шалгаруулж авах замаар дагаж хамт өөрчлөгдөж байна (Wade, 2015). Дижитал өөрчлөлтийн өөр нэг жишээ нь уламжлалт дэлгүүрүүдийг илүү сонирхолтой болгож, үйлчлүүлэгчдэд олон сонголт санал болгох, тэдний цагийг хэмнэх үүднээс дижитал төлбөрийн технологи болон дижитал хувцас солих өрөө зэргийг санал болгож эхэлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, худалдан авагч сонирхсон хувцсаа барихад мэдрэгчээр дамжин ханын дэлгэцэнд тухайн барааны талаарх бүх мэдээлэл автоматаар гарах бөгөөд түүнчлэн үйлчлүүлэгчийн биед хэрхэн яаж харагдах, хэр зохихыг давхар харуулах аж (Gentlemen marketing agency, 2015). Amazon-ын Сиатл хотын хүнсний дэлгүүрт худалдан авагч бараагаа аваад л гарахад бүх төлбөр тооцоо автоматаар хийгдсэн байх бөгөөд кассанд удаан зогсох хэрэггүй болжээ (Weise, 2016).Үүнээс харахад ирээдүйн дэлгүүрүүдэд худалдагч, кассчин хүртэл байхгүй болох магадлалтай байна.

Монгол улсад өнөөдөр ихэнх худалдан авагчид интернэт сүлжээнд холбогдож, ухаалаг төхөөрөмжийн тусламжтай хаанаас ч, хэзээ ч худалдан авалт хийх хандлагатай болоод байгаа бөгөөд бизнесүүд ч энэ нөхцөл шаардлагыг ойлгож, дэлгүүрийн худалдан авагч, үйлчлүүлэгчийн туршлагыг технологийн шинэчлэлттэй хослуулан хүргэдэг болоод удаагүй байна. Үүнд төрөл бүрийн онлайн худалдаа эрхэлдэг Apm, Rio, Itzone, Bshop, Mmarket зэрэг компаниудыг нэрлэж болох юм.

Хувцас бол хүний өдөр тутмын хэрэглээний бараа. Тэгвэл дижитал бизнесийн өөрчлөлттэй зэрэгцэн бидний хувцасны хэв загварт өөрчлөлт орохын хамт эдгээр нь янз бүрийн нано зэрэг шинэ технологиор үйлдвэрлэгдэж, гар утас, цаг, аппарат, чихэвч зэрэг өдөр тутмын ухаалаг зүйлстэй адил хувцас ухаалаг болжбайна (Boxall, 2016). Энэ хувцаснууд хүний зүрхний хэмнэл, хөдөлгөөн зэргийг бичиж, гар утас гэх мэт ухаалаг төхөөрөмжтэй холбогдож байна. Мөн хүний сэтгэл хөдлөл, цаг агаараас хамааран өнгөө өөрчилж, GPS систем суурилсан хувцасны тусламжтайгаар хүүхдээ хаана явааг мэдэхийн хамт, нарны эрчим хүчээр гар утсаа цэнэглэдэг, гэрэл гаргадаг болжээ. Анх нано технологи нь чийг болон толбоноос хамгаалах зориулалттай хийгдэж байсан бол өнөө үед чийг, толбо, үрчлээс, хөгшрөлтөөс хамгаалж, чийгшүүлэлт, үнэрийн удирдлагатай зэрэг илүү боловсронгуй болжээ. Ирээдүйд ухаалаг гар утсыг шинэчилсэн хувилбарт оруулдаг шиг Levi’s-ын хүрмийг хэрэглэгч өөрийн  хүссэнээр шинэчилж болох нь. 3D хэвлэгч нь худалдан авагч онлайнаар захиалга өгөхөд, түүнд таарсан хувцсыг цаг тухайд нь 3D-ээр хэвлэснээр, хувцасны илүүдэл, зарагдахгүй бараа гэж байхгүй болоход ойрхон байна (Boxall, 2016).

Дээрх байдлаас үзэхэд бизнесийн загвараа байнга хөгжүүлж, шинэ технологийг нэвтрүүлж, дижиталжуулахад өөрийн бизнесээ хаана байгааг ойлгох, мэдэх, дижитал өөрчлөлт нь стратегийн дагуу явагдаж байгаа эсэх, тэр нь хэр үр нөлөөтэй байгааг мэдэх нь чухал юм. Үүнд хүн бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хянах, үнэлэх үнэлгээний систем ч шаардлагатай. Судлаачид дижитал бизнесийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн талаар судалгаандаа бизнесүүд түүнийгээ тодорхойлох, мөн амжилтанд хүрэхдээ ашиглах хэрэгтэй гэж онцолсон байна. Бизнесүүд өөрсдийн дижитал стратегийн зорилгод хүрэх өөрчлөлтүүдийн явцыг хянах ямар гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлт ба хэмжүүр хэрэгтэй байгааг тодорхойлж, түүнийг хөгжүүлж, нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой. Ингэснээр бизнестээ шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч, явцыг хянах, улмаар шинэ ’юуг’ тодорхойлж, дижитал бизнесийн алсын хараагаа өргөжүүлж, хүссэн дижитал стратегийн зорилгодоо хүрч чадах юм (LeHong, 2016).

Монголын бизнесийн байгууллагууд ч орчин үеийн технологийн дэвшлийн сорилттой тулж, өөрчлөгдөн хөгжих шаардлагатай болжээ. Энэхүү сорилт, эрсдлийг даван туулж, дижитал технологийг бизнестээ нэвтрүүлж, өрсөлдөх чадвараа байнга өсгөж байгаа салбарын нэг нь манай арилжааны банкууд бөгөөд банкны үйлчилгээг хүссэн үед өөртөө үйлчлэн АТМ болон утасгүй интернэтийн орчинд авах боломжийг харилцагчдад олгож, өөрийн үйл ажиллагаа, үйлчилгээгээ дижиталжуулан, улам өргөжүүлж, хөгжүүлэхийн хамт харилцагчдынхаа цагийг хэмнэн, сэтгэл ханамжийг нэмэгдүүлж байна.

Эцэст нь дүгнэхэд дижитал бизнесийн эрин үед бид тун ойрхон ирээд байгаа бөгөөд түүнд хүрэх энэ дижитал шилжилтийн үеэр түүний үр ашиг, өгөөжийг ойлгож, технологийн өндөр хөгжлийн хурдацтай зэрэгцэн өөрийн бизнест тохирсон технологийг нэвтрүүлж, бизнесээ дижиталжуулж, шинэчлэн зохион байгуулж, түүнийгээ үнэлж, хэмжиж, сурч хөгжиж чадсан компаниуд л урт удаан оршин тогтнох болно. Cisco компанид 20 жил гүйцэтгэх захирал хийсэн туршлагаасаа Жон Чамбер хэлэхдээ ирэх 10 жилд өнөөгийн бизнесийн гуравны нэгээс илүү нь үгүй болно. Энэ үед зөвхөн мэдээллийн технологийн хөгжлийн хурдаар компаниа дижиталжуулж, бизнесээ өөрчилж хөгжүүлж чадсан нь амжилттай байх болно (The Wall Street Journal, 2015) гэжээ. Тэгэхээр таны бизнес энэ гуравны нэгт орох уу эсвэл дижитал бизнесийн цоо шинэ эриний түүхийг бичилцэх үү, энэ асуултын хариултыг таньд үлдээе.

Доктор Д.ЧИМГЭЭ

МУИС, Бизнесийн сургууль


Ашигласан эх сурвалж

  1. Lopez, J. (2014).Digital Business is Everyone's Business, Forbeshttp://www.forbes.com/sites/gartnergroup/2014/05/07/digital-business-is-everyones-business/#2fac969f2d66

  2. Wade, M.(2015). Conceptual framework for Digital business transformation, Global center for Digital business transformation http://www.imd.org/uupload/IMD.WebSite/DBT/Digital%20Business%20Transformation%20Framework.pdf

  3. Harress, C. (2013)The Sad End Of Blockbuster Video: The Onetime $5 Billion Company Is Being Liquidated As Competition From Online Giants Netflix And Hulu Prove All Too Much For The Iconic Brandhttp://www.ibtimes.com/sad-end-blockbuster-video-onetime-5-billion-company-being-liquidated-competition-1496962

  4. Netflix, (2016).Q4 Results and Q1 Forecast Report, Netflixhttp://files.shareholder.com/downloads/NFLX/3688598571x0x924415/A5ACACF9-9C17-44E6-B74A-628CE049C1B0/Q416ShareholderLetter.pdf

  5. Lesemann, M. (2016). The World's Top 10 Entertainment Companies,http://www.investopedia.com/articles/investing/020316/worlds-top-10-entertainment-companies-cmcsa-cbs.asp

  6. World economic forum, (2016). Digital transformation of industries: Digital enterprise,http://reports.weforum.org/digital-transformation/wp-content/blogs.dir/94/mp/files/pages/files/digital-enterprise-narrative-final-january-2016.pdf

  7. MIT center for digital business and capgemini consulting, (2011). Digital transformation: a roadmap for billon-dollar organizations, digital transformation study,https://www.capgemini.com/resource-file-access/resource/pdf/Digital_Transformation__A_Road-Map_for_Billion-Dollar_Organizations.pdf

  8. The Wall Street Journal, (2015). John Chambers on Digital Disruptions Ahead,https://www.wsj.com/articles/ciscos-john-chambers-on-the-digital-disruptions-ahead-1423540859

  9. Digital Intelligence Today, (2014). Digital at point of sale,http://digitalintelligencetoday.com/wp-content/uploads/2014/01/Marsden_2013_SYZYGY_Whitepaper_Digital_POS.pdf

  10. Wade,M. (2015).Conceptual framework for Digital business transformation, Global center for Digital business transformation

  11. Gentlemen marketing agency, (2015). Is Digital Marketing the future of Fashion shopping in Chinahttp://fashionchinaagency.com/is-digital-marketing-the-future-of-fashion-shopping-in-china/

  12. Weise, E. (2016).Amazon just opened a grocery store without a checkout line,http://www.usatoday.com/story/tech/news/2016/12/05/amazon-go-supermarket-no-checkout-no-cashiers-artificial-intelligence-sensors/94991612/

  13. Boxall, A. (2016).Today we carry technology. Tomorrow we’ll wear it,http://www.digitaltrends.com/features/dt10-today-we-carry-technology-tomorrow-well-wear-it/

  14. , H. (2016). Digital Business KPIs: Defining and Measuring Success, Gartner, 03 March 2016 ID: G00297283, https://www.gartner.com/doc/3237920?refval=&pcp=mpe

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Чатбот

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл